АНУ Украинд газрын мина нийлүүлэхээр болсон явдлыг хүний эрхийн байгууллагууд эсэргүүцлээ


Энэ долоо хоногт АНУ Украинд газрын мина нийлүүлэхээр болсон явдлыг хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд байна.

АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Ллойд Остин дээрх шийдвэрийн талаар хэлэхдээ Оросын тал тулааны талбарт тактикаа өөрчилж, эхлээд явган цэрэг илгээж байгаатай холбогдуулан Украинд газрын мина нийлүүлэхээр болсон хэмээн ярьсан юм.

Сүүлийн саруудад Украины зүүн хэсгийн хилийн орчимд үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа Оросын цэргийн тоо хэмжээг бууруулах үүднээс Вашингтон дээрх шийдвэрийг гаргажээ.

Тэгвэл Human Rights Watch, International Campaign to Ban Landmines, Halo Trust зэрэг олон улсын байгууллагуудын зүгээс АНУ-ын дээрх шийдвэрийг хурцаар шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Дээр нь санаандгүй гишгэхэд тэсэрч дэлбэрдэг төрлийн газрын мина нь 1997 онд батлагдсан Минийг хориглох тухай гэрээний дагуу хориглогдсон байдгийг дээрх байгууллагууд дурьдаж, уг байлдааны төхөөрөмжийг ашиглах явдал нь энгийн иргэдийн амь нас, аж амьдралд ноцтой аюул, хохирол учруулдаг, үүнийг олон улсын хэмжээнд хориглох тал дээр сүүлийн 25 жилийн хугацаанд олон ажил хийгдсэн байдаг, АНУ ийм шийдвэр гаргасан нь зохисгүй үйлдэл юм гэжээ.

Газрын мина-г ашиглах явдал нь олон улсын эрхзүйн талаасаа хууль зөрчсөн явдал биш боловч газрын мина-г үйлдвэрлэх, ашиглах, нөөцөлж хуримтлахыг хориглосон 1997 оны Минийг хориглох тухай гэрээнд дэлхийн 160 гаруй улс орон нэгдэн орсон байдаг ажээ.

Гэхдээ 2022 оны хавар эхэлсэн энэ дайнд Украин болон Оросын талууд газрын мина-г ашигласаар ирсэн бөгөөд аливаа дайн тулаан өрнөж байгаа бүсийг минажуулсны дараа цэвэрлэх явдал нь мөн өртөг өндөртэй байдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхийн Банкнаас өнгөрсөн жил гаргаж байсан тайланд Украин улсыг минагүйжүүлэх ажилд 37.4 тэрбум ам.доллар шаардагдана гэсэн тооцоог танилцуулж байсан юм.

Харин Украинд газрын мина нийлүүлэхээр болоод байгаа АНУ-ын зүгээс хэрэглээний аюулгүй байдлыг нь хангах болно хэмээн мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл Америкаас удахгүй Украинд нийлүүлэх газрын мина-г суурьшмал бүсээс хол газруудад ашиглахаас гадна Америкийн газрын мина нь тодорхой хугацаанд ажиллагаатай байж байгаад цэнэг нь дуусч, ажиллагаагүй болдог учраас аюул багатай гэдгийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллоид Остин мэдэгдэлдээ тодотгосон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *