Д.Трамп Америкийн “нохой зодооны” холбооны хуучин захирлыг төрийн албанд нэр дэвшүүлжээ


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын ээлжит томилгоо тодорхой боллоо. Тэрээр тун сонирхолтой хоёр эрхмийг өөрийн шинэ засаг захиргааны багт сонгон, төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлжээ.

Д.Трамп WWE буюу бидний хэлж заншсанаар Америкийн “нохой зодооны” холбооны тэргүүн асан Линда МакМэнийг АНУ-ын Боловсролын төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн байна. Линда МакМэний хувьд 2009 онд WWE холбооны тэргүүний албаа өгч, улс төрд хөл тавин, АНУ-ын Сенатын 2010 болон 2012 оны сонгуулиудад Коннектикут мужаас нэр дэвшин өрсөлдсөн ч сонгогдож чадаагүй юм. Тэрээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Трампын сонгуулийн сурталчилгааны кампанит жилд 6 сая ам.доллар хандивлаж байсан ба Д.Трамп ерөнхийлөгчөөр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаандаа түүнийг Жижиг бизнес хариуцсан төрийн албаны тэргүүнээр томилж байжээ. Мөн тэрээр Д.Трампыг 2020 он сонгуульд дэмжин оролцож байсан ба Ж.Байденд ялагдсаны дараагаар тэрээр улс төрийн барууны үзэл баримтлалыг сурталчилах зорилго бүхий America First Policy Institute хэмээх судалгааны институтийг байгуулахад оролцож байсан байна. Д.Трамп Линда МакМэнийг Боловсролын сайдад нэр дэвшүүлсэн мэдэгдэлдээ “Линда боловсролын салбарыг Америкт буцаан авчирч, үр хүүхдүүддээ хамгийн шилдэг боловсролыг олгох сонголтыг Америкийн муж бүрт, эцэг эх бүрт авчрахын төлөө тэмцэж ажиллах болно” гэжээ.

Д.Трампын өөр нэг сонирхолтой сонголт доктор Мехмет Оз байлаа. Америкийн алдарт телевизийн хөтлөгч Опра Уинфри-гийн шоу нэвтрүүлэгт оролцож, олны танил алдартай эмч болсон, мэс засалч Мехмет Озыг Эрүүл мэндийн халамж, үйлчилгээний төвийн тэргүүний албан тушаалд нэр дэвшүүлсэн байна. Мехмет Оз “Опра-гийн шоу” нэвтрүүлэгт байнгын эксперт мэргэжилтнээр оролцож, од болсныхоо дараагаар 2009 онд өөрийнхөө нэрийн ярилцлагын шоу нэвтрүүлгийг эхлүүлж, 13 жил амжилттай явуулаад байгаа юм. Гэхдээ Мехмет Оз урьд өмнө нь хэзээ ч төрийн ажил хийж байгаагүй бөгөөд улс төрд орсон цорын ганц туршлага нь 2022 оны Сенатын дундын сонгуульд Пеннсильвани мужаас нэр дэвшсэн ч амжилтгүй оролцож байсан явдал юм. Д.Трамп түүнийг нэр дэвшүүлсэн мэдэгдэлдээ “Америкт эрүүл мэндийн халамж, үйлчилгээний хямрал нүүрлээд байгаа энэ үед доктор Озоос өөр энэ ажилд тохирох чадвартай, мэргэшсэн хүн байхгүй” хэмээн түүнийг онцолжээ.

Төр засгийн удирдах албан тушаалд нэр дэвшигдсэн дээрх хоёр хүний томилгоог Сенат хэлэлцэн батлах ёстой билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *