Ерөнхийлөгчийн хориг тойрсон ДАВХАР УЛС ТӨР


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон түүнтэй холбогдуулан өргөн барьсан бүх хуульд бүхэлд нь хориг тавив. Үрэлгэн зардал ихтэй, дур зоргоор аашилсан уг төсвийн төслийг парламентаар хэлэлцэж байх үед Төрийн тэргүүн хориг тавих гарцын талаар бид бичиж байсан билээ. Энэ ёсоор болж байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд ирэх оны нэгдсэн төсвийн орлого 36.8, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тусгасан. Нэр бүхий гишүүд үрэлгэн зардлыг 3.6 их наядаар танахыг шаардсан ч хоёрдугаар хэлэлцүүлэг өнгөрсөн учир “арга байхгүй” гэж үзсэн. Төсвийн зардлыг хэвээр батлахдаа УИХ-аас “Ондоо багтаан тодотгол хийж, алдаагаа зас” гэсэн чиглэлийг Засгийн газарт өгсөн билээ. Нэгэнт алдаагаа засна гэсэн учраас Ерөнхийлөгч төсөвт хориг тавих шаардлагагүй болсон юм. Гэвч тэр боломжийг ашиглахаар шийджээ.

Алдагдалгүй төсөв байх, хуулийн шаардлагад нийцүүлэх гэсэн хоёр шалтгаанаар Төрийн тэргүүн хориг тавьсан байна. Мөн “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль тогтоомжууд нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон гэжээ. УИХ баталж амжаагүй төсөвтөө тодотгол хийх шийдвэр гаргасныг ч тэрбээр алдаатай төсөв гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал хэмээн үзсэн аж. Одоо УИХ ажлын 14 хоногт багтаан түүний хоригийг хүлээж авах, эсэхийг хэлэлцэж шийднэ. Ирэх долоо хоногт парламентаар уг асуудлыг хэлэлцэх нь.

Өмнө нь Ерөнхийлөгч 2021 оны төсөвт мөн бүхэлд нь хориг тавьж байсан ч УИХ хүлээж аваагүй. Тэгвэл энэ удаа нөхцөл байдал арай өөр байна. Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсныг Засгийн газар эергээр хүлээж авч буйг Сангийн сайд Б.Жавхлан ярив. Ийнхүү уухайн тас дэмжиж буй нь хэдийн бэлтгэлээ базааж, тооцоо судалгаагаа хийсэн гэдэг үгээс нь мэдэгдлээ. Нийт 2.2 их наяд төгрөг хасаж байж алдагдалгүй төсөв болгож, алдаагаа засна гэж үзжээ. Сангийн сайд “Ирэх оны төсөвт шинээр 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсны тал нь хасагдах байх. Үлдсэн их наяд гаруйг нь бүх урсгал зардлаас жигд хасна. Макро тэнцвэрийн хувьд сөрөг дарамт багасах ч нөгөө талдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх зорилт нэлээд хойшилно. Ойрын жилүүдэд хийхээр төлөвлөсөн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалт хумигдана гэсэн үг. Гэхдээ нэг удаа алдагдалгүй төсөв батлаад авбал цаашид энэ зарчмаа баримтлаад явж болно” гэлээ. Урсгал зардал хасагдах тул хэл ам болоод байсан ССАЖЗ-ын сайдын багц дахь соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3, гадаад томилолтод зарцуулах 111.6 төгрөгийг ч хасах нь. Сайд дурдаагүй ч тавилга, эд хогшил авахад зориулж 267.8 тэрбум төгрөг үүнд нь багтсан байх гэж найдна. Тэгэхээр Засгийн газар уг хоригоор дамжуулан алдаагаа засаж, УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэх явцад нэмэгдсэн, гишүүдийн зүгээс зүтгүүлж оруулсан зардлуудыг хамруулаад хасахаар төлөвлөжээ. Ер нь бол төсөв боловсруулах, хэлэлцэх явцад тэдний зүгээс “дийлээгүй” зарим зардлаас салж авах нь. УИХ уг хоригийг хүлээж авах байх хэмээн Б.Жавхлан сайд мэдэгдсэн. МАН олонх парламент учраас тэд хориг тавихыг хэдийн мэдсэн, урьдчилаад төлөвлөсөн, зөрүүлж өөрсдөдөө ашигтай хувилбар хийхээр нам дээрээ тохирсныг эндээс харж болно.

Нөгөө талд нь Ерөнхийлөгч төсөвт хориг тавьснаараа татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарахын эсрэг ард түмэнтэйгээ санал нэг байгаагаа илэрхийлж, оноо авав. Түүнд олон хүн талархаж байна. Ард түмнээс сонгогдсон хүн буруу, булхай зүйл дээр бүрэн эрхээ эдэлж, алхам хийх нь зүйн хэрэг. Үүнээс гадна уг хориг нь удахгүй хийхээр төлөвлөж буй Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой гэсэн хардлага ч гарч, зарим хэвлэлд энэ талаар мэдээлж эхэлсэн. Бүх ард түмнээс сонгогддог ганц албан тушаалтан, эв нэгдлийг илэрхийлэгч нь Ерөнхийлөгч. Тэгвэл Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр Төрийн тэргүүнийг парламентаас сонгодог болгохоор нэлээд дээрээс тохирсон гэдэг. Харин У.Хүрэлсүх бүх ард түмнээс, гэхдээ улирч сонгогдох эрхтэй байхыг илүүд үзэж байгаа. Уг саналыг нь дэмжээгүй Засгийн газарт хоригоор дамжуулсан сануулга өглөө гэж таамаглаж буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр уг хардлагыг няцаасан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Монгол Улсын 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан нь алдааг эрт засах боломжийг нээж өгч байгаа төдийгүй, УИХ, Засгийн газрыг дэмжиж буй үйлдэл юм. Мөн нам, эвслүүд улсын төсвийн зардлыг бууруулах сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх, хууль дээдлэх зарчим баримтлахыг сануулсан үйлдэл гэдгийг дахин тодотгож байна” гэсэн байна.

Тодотгол хийхээр шийдсэн хойно төсөвт заавал хориг тавих хэрэг байсан уу гэдэг асуулт бий. Тиймээс ард түмэн хардах эрхээ эдэлж буй хэрэг. Юутай ч МАН-ынхан дотроо тохирсон бол парламент түүний хоригийг хүлээж авах нь бараг тодорхой болов. Ирэх өдрүүдэд үйл явдал хэрхэн өрнөхийг харж байя.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *