Монгол иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан тогтоолыг энэ сарын 26-ны өдрөөс дагаж мөрдөнө


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар өнөөдөр (2024.11.21) Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг баталлаа. Үндсэн хуульт тусгаар улсыг тунхаглан зарласан Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгоор төрийн бүх байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулиа дээдлэн залж, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалсан тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уг тогтоолд Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгасныг уншиж танилцууллаа. Түүнчлэн Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалав.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *