Тайланд улсын Тээврийн яамны зүгээс тус улсын нийслэл Бангкок хотын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврээр зорчих явдлыг сурталчилж, мөн хотын агаарын бохирдлыг бууруулан агаарын чанарыг сайжруулах зорилгоор тус хотод түгжрэлийн хураамж авдаг болох шинэ төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судалж байгаа талаараа мэдээлжээ.
Лондон, Сингапур, Стокгольм, Милан зэрэг гадны бусад томоохон хотуудад амжилттай хэрэгжсэн энэ төрлийн загвар төслүүдийг иж бүрэн судалж байгаа бөгөөд Бангкок хотын аль хэсэгт түгжрэлийн хураамж авах, төлбөр хураамжийн үнэ өртөгийг иргэдийн боломж бололцоо, зах зээлтэй уялдуулах, төлбөрийн арга хэрэгслүүдийг сонгон тодорхойлох, үүний нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг дэлгэрэнгүй судлах болно гэдгийг Тайландын Тээврийн яамнаас өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ онцолсон байна.
Түүнчлэн түгжрэлийн хураамжаас бүрдсэн орлогыг хотын метро үйлчилгээний төлбөрийг буулгаж, оршин суугчдын амьжиргааны өртгийг бууруулахад зориулж метроны албанд татаас хэлбэрээр олгохын сацуу хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулна гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Кричанонт Япуняа хэлсэн байна.
Тайландын Тээврийн яамнаас Бангкок хотод түгжрэлийн хураамж авах төсөл хөтөлбөрийн судалгааг дуусгаж, улмаар хэрэгжүүлэх эсэх асуудлыг 2025 оны эцсээр хэлэлцэнэ гэдгийг мэдэгджээ.