-Сайн байна уу? Таны хувьд Монгол Улсаа төлөөлж, хамгийн анхны олимпын медалийг эх орондоо авчирч байсан. Мэдээж анхны бүхэн нандин дурсамжтай байдаг. Олон жил өнгөрсөн ч таныг хүмүүс мартаагүй дурсаж байна. Яг тэр үеийн сэтгэл хөдлөл, агшны талаар хоёулаа яриагаа эхэлье.
Одоогоос 60 жилийн өмнө 1964 онд Японы Токио хотноо болсон зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлж оролцсон түүхтэй. Олимпын медалийн хувьд, 1968 онд Мексик улсад чөлөөт бөхийнхөн анхны олимпын медалийг авсан. Жингийн дараалал гэх юм бол би хамгийн хөнгөн жинд буюу 52 кг-ын жинд монголчуудын хамгийн анхны медалийг авч, медалийн салхийг хагалсандаа сэтгэл их өөдрөг явдаг. Олимпын наадмаас медаль авна гэдэг алтан боломж гэж ойлгодог. 1968 онд нэлээн л зовлон бэрхшээл туулж, олимпын медаль авч байлаа. Миний хувьд жингээ 62-оос 52 кг болтол хасан, жиндээ орж байсан. Жиндээ орохын тулд их л зовлон үзсэн. Ялангуяа хөнгөн жингийн тамирчинд хүнд жингийн тамирчных шиг шатаах өөх бараг байдаггүй. 15 хоногийн турш цэвэр булчингаасаа хассан. Олон хоног хоол, нойргүй явна. 80-100 градусын халуун ууранд сууж, жингээ хасна. Би өөрийгөө их л зовлон туулж, олимпоос медаль авсан гэж боддог. Яагаад гэвэл би 7 тойрог барилдсан. Дэлхий тэр үед Монголыг мэдэхгүй. Оноо илүү явж байгаад, оноо алдаагүй атлаа ялагдал хүлээсэн. Хамгийн хэцүү нь энэ байсан.
–Тэгвэл тухайн үеийн дүрэм их хэцүү байжээ. Жинхэнэ тамирчдын шандас шөрмөсийг шалгадаг байж.
Тэгэлгүй яах вэ? Тухайн үеийн дүрэм одоогийнхтой адилгүй байжээ. Шагналын оноо нь дуусчихвал хасагддаг. Ялсан ч хасагддаг дүрэмтэй байлаа. Энэ зовлонг би биеэрээ мэдэрсэн. Жишээ нь: Италийн бөхөөс 3 онооны илүү яваад, буруу барьц хэрэглэсэн гэж цэвэр ялагдсан. Дараагийн барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялахгүй бол медаль авахааргүй байсан. Цэвэр ялна гэдэг, ялангуяа финалд маш хэцүү. Дандаа шилдгүүд үлддэг. Ийм хүнд нөхцөлд сэтгэл зүйн бэлтгэл, хатуужил, тэвчээр сайтай нь медаль авдаг. Унгар болон Германы бөхчүүдийг цэвэр ялж, медалийн тавцанд зогсож байлаа. Энэ бүхэн өнөөдөр түүх болон үлджээ. Өнөөдрийн залуучууд ойлгохгүй байж магадгүй.
-Ер нь амаргүй барилдаануудыг туулж, Та медалийн тавцанд гарсан байна. Ингэж зовлон үзэж байж, медаль авсны дараах сэтгэгдэл ямар байдаг юм бэ. Та тэр мөчид юугаараа илүү их бахархсан бэ?
Би тэр үед монгол хүн гэдгээрээ хамгийн их бахархсан. Олимпын медаль авсны маргааш нь олимпын тосгонд сэтгүүлчид ирээд “Та нар Хятадын Монгол уу? Оросын Монгол уу? гэж асууж, их гайхаж байсан. Тэгэхэд манай Ж.Мөнхбат аварга “Бид Хятадын ч Монгол биш, Оросын ч Монгол биш. Бид бол Чингис хааны Монгол” гэж сэтгүүлчдэд хэлж, омогшиж байсан. Тухайн үед Чингис хааны нэрийг хэлж болдоггүй, цээртэй нийгэм байлаа. Ингэж Чингис хааны монголчууд анх удаа олимпын медаль авснаар 60 жилийн дараа, өнөөдөр хэлэхэд сэтгэл омогшиж, сайхан байдаг юм.
–Олимпын медаль авна гэсэн итгэл хэр байсан бэ?
Олимпын медалийг үнэндээ авна гэж хэн ч бодоогүй. Тэгээд олимпын дөрвийн дөрвөн медаль аваад шагналын тавцанд зогсож байхдаа бид өөрсдөө ч итгээгүй. Ингээд олимпын медаль авчихдаг юм уу гээд гайхаж, баярлаж байлаа. Манайхан ч гэсэн олимп гэж чухам юу байдгийг ч мэдэхгүй. Олимп гэдэг нэртэй олон улсын тэмцээний медаль авчихлаа гэж бодож байсан. Монголчууд олимпын медальтай боллоо гэж биднийг сэтгэл хөдлөм угтаж байсан ч олимпын медаль авлаа гэж төр, засгийн томчууд ойлгохгүй байсан. Би энийг яагаад хэлж байна гэхээр гавьяат болно гэдэг бодол үнэхээрийн бидний ганц хүсэл байсан. Гэтэл олимпын медаль аваад ирэхэд, бидэнд гавьяат байтугай одон ч өгөөгүй. Хөдөлмөрийн хүндэт медаль 3000 төгрөгөөр шагнаж байлаа. Тухайн үед үнэлэмж ямар байсан бэ гэдэг нь эндээс харагдаж байгаа биз. Тэр үед мотоцикл 5000 төгрөг байлаа. Машин, орон сууц шиг бусад том шагнал байгаагүй. Тийм л нийгэм байж дээ гэж хожим бид ойлгосон.
-Одоо цаг үе өөр болжээ.
Өнөөдөр олимп байтугай Дэлхийн медаль аваад онгоцноос бараг буугаад л гавьяат цол, одон медальтайгаа авч байна шүү дээ.
-Та анхны олимпын медаль авснаас хойш 56 жил өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд юуг илүү ойлгож, юунд талархаж явдаг вэ?
Олимпын медаль аваад, нэлээн хэдэн жилийн дараа гавьяат болж, хөдөлмөрөө үнэлүүлж чадсан. Гэхдээ бидний хөдөлмөрийг тухайн үед нь үнэлээд, дэмжсэн бол бид дахиад олон медаль олимпоос авах боломж байсан. Гэтэл тийм шагнал урамшууллаас болоод хүн сэтгэл санаагаар унадаг юм байна лээ. За даа ийм зовлон үзэж туулаад ирэхэд “Биднийг тоодоггүй юм байна” гээд манайхны амжилт нэг хэсэг буурсан.
-Урам хугарсан байх нь.
Тийм, урам их хугарсан. Тэр үед чинь чөлөөт бөхийн заал гэж тусдаа байсангүй. Спортын төв ордны А зааланд бөх, гимнастик цөмөөрөө нийлж, хамтдаа бэлтгэлээ хийдэг байлаа. Үнэндээ хүнд цаг үед бид медаль авсан. Бэлтгэл хийгээд, усанд орох халуун ус байхгүй. Ихэнх нь хатгитай. Хатгинаасаа болоод ихэнх нь бэлтгэл хийж чадахгүй. Хоол, унд, витамин тэжээл гээд олигтой юм байсангүй. Ингээд яривал тухайн нийгэм, улс орны хөгжил үнэхээр доод түвшинд байсан. Дэлхийн түвшинд амжилт гаргах ямар ч боломжгүй байжээ гэдгийг одоо ойлгодог юм.
–Одоо боломжтой юу?
Өнөөдөр бол тухайн нийгэмтэй харьцуулахад өдөр, шөнө шиг ялгаатай байна. Юу хүснэ, бүх юм нь байна. Одоогийн тамирчдад бэлтгэлийн заал танхим, идэж байгаа хоол унд, витамин тэжээл, шагнал урамшуулал зэргээс эхлээд дутуу юм байхгүй байна шүү дээ. Хамгийн наад зах нь мэдээлэл, технологи хөгжчихсөн энэ үед өөрийн жингийн тамирчныг судлах боломж хангалттай байна. Бидний үед юун гадаадын бөхчүүдийг судлах. Амаараа л “Тэндхийн бөх тэгдэг юм гэнэ лээ”, “Тийм мэх хийдэг юм гэнэ лээ” гэдэг байсан болохоос биш, өнөөгийнхтэй адилхан шууд бичлэг үзээд “Өө энэ чинь ингэдэг юм байна. Энийг чинь ингэж хамгаалдаг юм байна. Энийг ингэж ялах ёстой юм байна” гэх боломж байсангүй. Өнөөдөр бол бүх юм байна. Гэтэл хамгийн сүүлчийн олимпоос бид ганцхан медаль авлаа шүү дээ. Үүнд ахмад үеийнхэн бид сэтгэл дундуур байдаг. Ийм сайхан нийгэмд, ийм сайхан эрх чөлөөтэй, бүхий л боломж нь нээгдсэн байхад, олимпын медаль авахгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай.
–Та залуу тамирчдадаа юу гэж захих вэ?
80 насны босгон дээрээс эргээд харахад, бүх боломж байна шүү, залуучууд минь! Одоо та нөхөд боломжийг ашиглаж, олимпын олон медаль аваасай гэж хүсэж байна даа.
–Таныг олимпоос анхны медаль авсан монгол хүн болохоор асууя. Олимпын аварга Н.Түвшинбаяртай та очиж уулзсан уу?
Бид очиж байсан. Хүний амьдралд янз янзын зүйл тохиолддог. Харамсалтай нь манай залуу үеийнхэнд сахилга бат, дэг журам дутагдалтай байна. Ялангуяа тамирчдад хамгийн хориотой зүйл нь архи, тамхи байдаг. Архины гайнаас болж, энэ сайхан залуу маань том алдаа гаргасан. Энийг хүнд ярих хэцүү байдаг. Хайран сайхан залуу. Их спортод амжилт гаргахын тулд өөрийн бүхий л зүйлээ зориулсан. Хойч үеийнхэнд том сургамж болсон. Дахин давтагдашгүй үйл явдал гэж ойлгож болно.