Эрүүдэн шүүгч нь төр өөрөө


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Эрүү шүүлтийн сонсгол” зохион байгуулж, эрүүл шүүлтэд өртсөн, ийм хэргийн хохирогч болсон байж болзошгүй хүмүүсийг цуглуулан, үгийг нь сонсож, ард түмэн амаа ангайн чагнаж сууна. Тэдний яриаг сонсоход, эрүүдэн шүүгч нь Монголын төр өөрөө юм байна гэдэг нь улам ойлгомжтой болж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллэс үзвэл эрүү шүүлт тулгасан гэх субьект:

  • Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой-55
  • Прокурортой холбоотой-4
  • Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй холбоотой-3
  • Шүүгчтэй холбоотой-1
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтантай холбоотой-45 байна.

Бүгд л төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэгч байгаа биз. Тэдэнд хэн нэгэн дарга, эрх мэдэлтэн бусдыг эрүүдэн шүүхийг даалгаагүй байсан ч, тэд өөрийн дураар хүнд эрүү шүүлт тулгасан байлаа ч төрийн албаны хувцас өмссөн энэ хүмүүсийн хийсэн үйлийн хариуцлагыг төр хүлээх учиртай.

Хүн эрүүдэн шүүсэн тухай гомдол өнгөрсөн 7 жилд 478 ирсэн байхад, уг хэрэгтээ шийтгүүлсэн цагдаа, тагнуулч, мөрдөгч ердөө 18 байна. Энэ бол хүнд эрүү шүүлт тулгасан албан хаагчаа төр хаацайлж буйн илрэл юм.

Шүүх хурал хийлгүйгээр 5 хүн цаазалсан

2008.07.01 Монгол Улсын нийслэлийн гудамжинд хэн нь мэдэгдэхгүй хүнд 5 хүн буудуулж, үхсэнийг санаж байна уу? Хэн буудсаныг бүү мэд. Хар хувцастай хүн л буудсан гэдэг. Хүмүүс ч гэдэг. Нэг хүн буудсан уу, нэлээд хүн буудсан уу гэдэг нь ч тодорхойгүй. Тэр буутай этгээд тухайн үед олдоогүй. Одоо ч олдохгүй. Ер нь хэзээ ч олдохгүй. Олъё ч гэхгүй. Учир нь тэр бол төр. Төрийг шүүдэггүй, ялладаггүй юм.

Онц байдал тогтоосон хойно гудамжаар явж байсан нь тэр 5 хүний буруу ч өчиггүй алуулах хэмжээний буруу тэдэнд байгаагүй. Онц байдал тогтоосныг мэдэлгүй явж байсан ч юм бил үү. Тэдний ар дагзнаас буудсан байсныг 1-р эмнэлэгт аваачсан цагдаа, үзлэг хийсэн эмч нар харсан байдаг. Шөнийн дурантай буугаар араас нь буудчихсан юм уу, барьж аваад дагзанд нь буу тулгаад буудчихсан юм уу гэдэг асуултад хэн ч хариулаагүй. Яг л 1937 оных шиг. Цагдаагаар шалгуулж, прокуророор хянуулж, шүүхээр дэнслүүлэлгүйгээр хүн цаазалсан нь Монголын төр өөрөө. Дайны үед хүртэл хээрийн шүүхээр хэргийг нь хэлэлцэж байж, хүн цаазалдаг юм гэнэ лээ. Гэтэл Монголд яав. Одоо яая гэх вэ, төрийн төмөр нүүр юм даа. Гээд өнгөрсөн.

Цагдаагаар шалгуулж, прокуророор хянуулж, шүүхээр дэнслүүлэлгүйгээр хүн цаазалсан нь Монголын төр өөрөө.

1995 онд баталсан Онц байдлын тухай хуулийн 15 дугаар зүйл.Онц байдал үргэлжлэх хугацаанд цаазаар авах ял гүйцэтгэхгүй байх “Онц байдал үргэлжлэх хугацаанд үйлдсэн гэмт хэрэгтээ цаазаар авах ял шийтгэгдсэн хүний ялыг онц байдал үргэлжлэх хугацаанд болон онц байдал дуусгавар болсон, онц байдлыг цуцалснаас хойшхи 30 хоногт гүйцэтгэж болохгүй” гэж заажээ. 5 хүн цаазлах эрх төрд ч тухайн үед байгаагүй гэдэг нь хуулийн энэ заалтаас харагдана. Гэвч төрийг хэн ч шүүдэггүй, ялладаггүй юм хойно.

Цагдаагаар жагсагчдыг эрүүдэн шүүлгэсэн

Алуулсан 5 хүн энгийн иргэн байсан ч “Жагсагчид цагдааг алжээ” гэсэн яриа агаараар тархсан юм. Жагсагчдыг баривчилж байсан цагдаа нар “Та нар цагдаа алсан гэл үү” хэмээн өширхөж, хүмүүсийг хайр найргүй занчиж байсан гэдэг. Энэ бол бас л хэн нэгний шидсэн чулуу. Намынхаа байрыг шатаалгасан хүмүүс төрийн цагдаагийн гараар жагсагчдыг эрүүдэн шүүлгүүлсэн байх магадлалтай.

Хүнийг хайр найргүй баривчлан, олон хоногоор хоол ундгүй, нойргүй байлгаж байцаах бол бидний хамгийн сайн мэдэх, зохиолоос уншиж, киноноос харж, амнаас сонссон эрүүдэн шүүлт. Тийм эрүүдэн шүүлтэд өсвөр насны хүүхдүүд, залуус голдуу өртсөн. Тэд өмнө нь үймээн үзээгүй. Тиймдээ ч хэрэгт дурлаж, сониучирхаж яваад хэрэгт уначихсан. Хэрэгт дурлавал хэрээний хоол болдог нь үнэн юм билээ.

Ажлаа хийгээд, эрүү шүүлтэд өртсөн

Дараа нь 5 хүн аллаа гээд хуулийн байгууллагын хэдэн даргыг ялласан. Яллагдсан хүмүүсийн нэг нь хошууч генерал Ч.Амарболд. Тэр өнөөдөр “Эрүүдэн шүүлтийн сонсголд оролцон, “Манайх хууль ёсыг дээдэлсэн, ардчилсан төр засагтай улс учраас эрүүдэн шүүх асуудал гарахгүй байх гэж боддог. Гэтэл амьдрал дээр ийм асуудал гарсаар байдаг” хэмээн гунигтайяа ярьж сууна. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байснаараа түүний толгой дээр хариуцлага буусан юм. Учир нь тэр үед ЦЕГ албан ёсны даргагүй, 3-р сард М.Ганболдыг чөлөөлчхөөд, оронд нь хүн томилоогүй байв.

Гэвч энэ боломжоосоо 7-р сарын 1-ний гэх хэрэг олон хүнийг татгалзахад хүргэсэн юм. Энэ бол хамгийн аймаар нь.

7-р сарын 1-ний гэх энэ хэрэгт ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газрын 14 албан хаагч, 4 дарга холбогдож, шалгагдсан юм. Тэд үймээнийг тараасан. Үүрэг нь тэр. Онцгой байдлын тухай хуулийн дагуу үүргээ гүйцэтгээд, ялтан болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу дарга нар албан хаагчдадаа тушаал өгсөн. “Мэдлээ, гүйцэтгэе” гээд гарсан хүмүүс ялын тогтоол уншуулахаа зүүдлээ ч үгүй гэдэг. “Би цагдаа нартаа дуу гардаг хонгиотой буу авч явахыг тушаасан” гэж Ч.Амарболд генерал ярьдаг. Тийм сумаар хүн алах боломжгүй. Жинхнээсээ буудсан мэт чимээ л гарна. Гэхдээ ажлаа хийж явсан, тушаал гүйцэтгэсэн хүнийг ялтан болгох нь эрүүдэн шүүлтийн бас нэг хэлбэр. Төрийн нэрээр л тийм эрүү шүүлт явуулдаг. Тэр тусмаа хошууч генералыг. 

Цагдаа нар 7-р сарын 2-ны 01:00 цаг гэхэд үймээнийг тараан, 800 гаруй хүн баривчлан, Дэнжийнмянга дахь Албадан саатуулах байранд аваачсан юм. Гэтэл 03:00 цагт 5 хүн буудуулсан байдаг. Хэн буудав? Үүнд хариулт олохоор нэн даруй ажлын 51 хэсэг байгуулсан ч маргааш нь буулгасан. Маш өндөр албан тушаалтан тэднийг алуулсан нь үүнээс ойлгомжтой байдаг юм. Тэр албан тушаалтныг төр гэж болно.

Хамгийн аймаар нь

7-р сарын 1-ний гэх энэ хэргээс хойш монголчууд жагсахаасаа бэргэдэг болсон. Сүхбаатарын талбай дээр жагсаал болох сургаар зугтдаг хүмүүс ч бий. Жагсаал, цуглаан хийх, оролцох нь ардчилсан нийгэмд эрхээ хамгаалах, үгээ хэлэх нэг боломж. Гэвч энэ боломжоосоо 7-р сарын 1-ний гэх хэрэг олон хүнийг татгалзахад хүргэсэн юм. Энэ бол хамгийн аймаар нь.

Барилгынхаа хогийг “Портер” дээр ачиж яваад, МАХН-ын байрны гадна хүмүүс үймж байгааг “Ийгл” телевизээр хараад, хэрэгт дурлаж очоод, хэрэгтэн болчихсон хүн ч бий. Тэр МАХН-ын байрны гадна бужигнах хүмүүсийг харж зогсоод, нулимс асгаруулагч цацахаар нь харих гээд машин дээрээ очтол барилгын хогноос нь юу ч үлдээгүй байсан гэдэг. Хэд хоногийн дараа түүнийг цагдаа дуудаж, зэвсгийн чанартай зүйлээр жагсагчдыг хангасан гэх хэрэг тохон, Дэнжийнмянга руу ачсан гэдэг. Санаандгүй яваад, Цагдан хорих байранд, түүнээсээ шүүхийн танхимд очсон түүн шиг хүн зөндөө. Хэрэгт дуртай хэрээний хоол гэдэг шиг л.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *