ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украинд дундын зайн тусгалт пуужингаар цохилт үзүүлсэн талаараа мэдэгдэл хийж, Украинд хүчирхэг зэвсэг нийлүүлж байгаа АНУ, Их Британи гэсэн барууны орнуудад анхааруулга өглөө. Тэрээр мэдэгдэлдээ пүрэв гаригийн өглөө Оросын арми Украины зүүн хэсгийн Днепр хот болон ойролцоох Украины цэргийн аж үйлдвэрийн компаниудад (Украины “Южмаш” хэмээх пуужин үйлдвэрлэгч компани) нэгдсэн цохилт үзүүлсний дотор Оросын цоо шинэ дундын тусгалт, хэт авианы баллистик пуужинг харван туршсаныг тодотгосон байна.
Уг пуужин нь Mach 10-ын хурдтай, одоогоор ямар ч пуужин эсэргүүцэх систем энэ төрлийн пуужинг хориглон сөнөөж чадахгүй бөгөөд цөмийн цэнэгт хошуу тээгээгүй гэдгийг Путин мөн онцолжээ.
Түүний хэлснээр “Орешник” хэмээн кодлон нэрлэсэн уг шинэ пуужинг Украины зэвсэгт хүчин АНУ-ын нийлүүлсэн ATACMS пуужин болон Их Британийн нийлүүлсэн Storm Shadow загварын пуужингуудаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгсний хариу болгон харвасан гэжээ. В.Путин мөн өөрсдийн алсын зайн тусгалтай пуужингуудыг Оросын эсрэг ашиглахыг Украинд зөвшөөрсөн дээрх улс орнуудын цэргийн бааз зэрэг байршлуудад Оросын тал цохилт үзүүлж ч болзошгүй гэдгийг нэмж хэлсэн байна.
Энэ долоо хоногт АНУ, Их Британийн зүгээс өөрсдийн ATACMS, Storm Shadow пуужингуудыг Оросын эсрэг тулаанд ашиглах зөвшөөрлийг олгоод байгаа нь өнөөдрийг хүртэл Украины дайнд баримталж ирсэн барууны орнуудын бодлогын томоохон өөрчлөлт болоод байгаа юм.
Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросын арми шинэ пуужин туршин харвасан явдлыг “энэ харгис хэрцгий дайныг улам дэвэргэж, гааруулсан явдал боллоо, үүгээрээ ОХУ-д энх тайван байдлыг тогтоох ямар ч сонирхол байхгүй гэдгээ ахин батлан харууллаа” хэмээн өөрийн Х хуудсандаа бичжээ.