Д.Трамп өнгөрсөн долоо хоногт Флорида мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Мэтт Гетцыг АНУ-ын Ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшүүлсэн ч түүний энэхүү томилгоо нэлээд эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсны улмаас Мэтт Гетц өөрийг нь нэр дэвшүүлснээс 8 хоногийн дараа уг томилгооноос татгалзан, нэрээ татаж байгаагаа мэдэгджээ.
Конгрессын доод танхимын ёсзүйн хорооны зүгээс Мэтт Гетцыг насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, мансууруулах бодис хэрэглэсэн гэх зэрэг олон хэрэгт буруутгаж байгаа талаарх мэдээллийг Америкийн хэвлэлүүд цацаж эхэлсэн бөгөөд Мэтт Гетц өөртэй нь холбоотой дуулиан шуугианы мэдээллүүд Д.Трампын төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн авах үйл явцад “саад” болохоос сэргийлж, нэрээ татсанаа мэдэгдсэн байна.
Тэгвэл түүнийг нэрээ татсанаас 6 цагийн дараа Д.Трамп өмнө нь Флорида мужийн Ерөнхий прокурорын албыг хашиж байсан Пэм Бонди-г дээрх албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн байна.
Тэрээр Trump Social платформд нийтэлсэн мэдэгдэлдээ “Пэм 20 орчим жил прокуророор ажилласан, тэр Хуульзүйн департаментыг шинэчилж, Америкийг аюулгүй болгохын төлөө ажиллах болно, би түүнийг таньдаг болоод олон жил болж байна, тэр их ухаантай, чанга бүсгүй, Ерөнхий прокурорын албыг гайхалтай хаших хүн мөн” хэмээн онцолжээ.
Пэм Бонди Д.Трампын ерөнхийлөгчөөр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаанд Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх комиссын гишүүнээр ажиллаж байснаас гадна Д.Трампын эсрэг импичментын хэрэг дээр түүнийг хамгаалах хуулийн багт зөвлөх болон өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм.