Монголын иргэн бүр 40 сая төгрөгийн өртэй болчихлоо. Үүнийг ярьж байгаа хүн алга


УИХ-ын дэд дарга Д.Пүрэвдоржийн эдийн засгийн ахлах зөвлөх, доктор Р.Даваадоржтой улсын төсөв, эдийн засгийн байдлын талаар ярилцлаа.

3 намын хамтарсан Засгийн газар 2025 оны улсын төсвийг чамбай тооцох болов уу гэтэл бахь байдгаараа. Азаар УИХ-ын цөөн ч болов гишүүн соргог байлаа. Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. Засгийн газар зориуд зарлага өндөртэй төсөв өргөн бариад, эсэргүүцвэл багахан засвар оруулахаар, эсэргүүцэхгүй бол азны юм гээд батлуулахаар төлөвлөсөн юм шиг ээ. Ингэсээр бүр сурчихлаа шүү.

-Би сүүлийн 8 жил улсын төсөв судалж байна. Дандаа тэлж байгаа, манай төсөв. Эрх баригчид сурсан зангаа тавьж чадахгүй байна. Улс төрийн 3 хүчин нийллээ гээд ямар ч хяналтгүй, муухай төсөв оруулж ирлээ. МАН “2 намыг нь авчихсан юм чинь” гээд 36 их наяд болголоо. Дураараа дургиж байна. Төсөв гэдгээ бид ерөөсөө ойлгодоггүй. Өргөн барьж байгаа Засгийн газраасаа эхлээд, баталж байгаа гишүүд нь ч ойлгохгүй байна.

Төсвийн тухай тодорхойлолтыг харвал янз янзын гоё юм биччихсэн байгаа. Төсөв гэдэг бол тусгаар улсын баталгаа. Төсөв бол Үндсэн хуулийн дараа орох баримт бичиг. Бид социализмын үед тодорхой хэмжээний мөнгөө Оросоос авдаг байсан. Автономит улсад төсвийг нь дээрээс өгдөг. Монгол Улс төсвөө өөрөө баталж байна гэдэг чинь тусгаар улс гэдгийг маань нотолж байгаа юм. Тиймээс хүн бүр улсынхаа төсвийг харж, хянаж байх хэрэгтэй.

3 нам нэгдээд “Надад хэн хэлэх вэ дээ. Нохойг хэн саах вэ дээ” гэсэн төсөв оруулж ирсэн

Харамсалтай нь ийм чухал баримт бичиг дотор элдэв юм оруулдаг, идэж ууж шамшигдуулдаг явдал хавтгайрчихлаа. 3 нам нэгдээд “Надад хэн хэлэх вэ дээ. Нохойг хэн саах вэ дээ” гэсэн төсөв оруулж ирсэн. 2023 онд 18 их наядын төсөв УИХ-д оруулж ирсэн бол ердөө 2-хон жилийн дараа 36 болголоо. Эрх баригчдын зарцуулах мөнгө 100 хувь нэмэгдэж байна. Дэлхийн 200 улс дотор ийм замбараагүй төсөвтэй улс байхгүй. Африкт ч байхгүй. Биткоин ч ингэж нэмэгддэггүй. Энэ бол дураараа дургиж байгаагийн бодит жишээ.

-Тэглээ гээд хэн ч хэнд ч хариуцлага тооцдоггүй учраас иймдээ хүрч байгаа юм биш үү?

-Үнэхээр хариуцлага алга. Хариуцлага гэдэг юм байсан бол ийм байхгүй л дээ. Ингэж 2 дахин өсгөж болдоггүй юм. Ингэвэл ирээдүйд өр үлдээдэг, үнэ өсгөдөг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлдөг.  Хуулиа гишгэлээд сурчихлаа л даа. Төсөв гэдэг чинь хуультай юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ийм замбараагүй байдлыг хязгаарладаг.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг төсөв өргөн барих бүртээ УИХ-д хамт оруулж ирж, хүссэнээрээ өөрчлөн батлуулдаг шүү дээ.

-Энэ бол хуулиа мөрддөггүйн бодит жишээ. УИХ ердөө 2 сарын өмнө 2024 оны төсвийн тодотголд “2025 оны төсөв 32.9 их наяд байна” гээд баталчихсан. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа үл тоож, 2025 оны төсвийг 36 их наяд болгоод, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөхөөр хамт оруулж ирээд, батлуулчихлаа. Ер нь Монгол Улсад эдийн засаг, санхүүгийн салбарт замбараагүй байдал нүүрлэсэн. Ийм хүнд байдалтай байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг төсөв өргөн барих бүртээ хамт оруулж ирж, батлуулдаг явдлыг яаж болиулах вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жил бүрийн 5 дугаар сард баталдаг. 3 жилээр бүх тооцоогоо гаргадаг. 9 үндсэн үзүүлэлтээ жил бүрээр тусгаж өгдөг. УИХ-ын гишүүд үүнийг тал бүрээс нь хэлэлцэж, дүгнэлт бичин, бөөн юм болж байж баталдаг. Харамсалтай нь хуульгүй орон болчхоод байгаа юм л даа. Би үүнийг шүүмжилдэг хүн.

-2025 оны улсын төсвийг 1.9 их наядын алдагдалтай баталсан. Гишүүд 3.6 их наядаар багасгахыг шаардаж байгаа. Гэвч одоо энэ 1.9 их наядаа хасаад, УИХ-д оруулаад ирэх байх даа.

-Тэгнэ. Наадуулын чинь занг би мэдэж байна. Яг 1.9-өө биш, 2.1-ийг ч юм уу хасаад, оруулж ирнэ. Сангийн сайд өөрөө хэлж байна шүү дээ, “Зөндөө боломж байсан” гээд. Ингэж хариуцлагагүй хандаж болдог юм уу? Төсвийг ингэж замбараагүй, хариуцлагагүй төлөвлөн УИХ-д оруулж ирж байгаа нөхдөд ямар ч хариуцлага тооцдоггүй. Тиймээс ингэж дураараа дургиж байна. “Боломж байсан юм аа” гэж байна. Төсөв бол хөгжлийн баримт бичиг. Ялсан намын хэсэг бүлэг хүний идэж ууж, шамшигдуулдаг зүйл ерөөсөө биш.

Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсанд би баяртай байгаа. Эцэг хүн шиг хандаж байна. Ингэж дураар нь дургиулж болохгүй.

-Төсөв доторх “Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ”, “Бусад бараа материал” гэдгийн цаана юу нууж байгаа бол?

-Наад төсвийг чинь ухах юм бол наадах шиг чинь зүйл зөндөө байгаа.

-Таныхаар төсвөөс юу юуг хасах, төсвийг яаж танах боломжтой бол?

-Миний тооцсоноор бол зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаас гэхэд ямар ч шаардлагагүй 145 арга хэмжээг царцаахад, 1.5 их наяд төгрөг гараад ирнэ. Таны дурдсан арга хэмжээг хасахад, бараг 3 их наяд гараад ирж байна.

Төсвийн тусгай сан гэж бий. 22 сайд нь 1, 1 сантай ш дээ. Сангийн мөнгө нь хэд болсон гээч. 2016 онд 2 их наяд байсан. Өнөөдөр 11.7 их наяд болсон. Үүнийг хэн ч мэдэхгүй байна. Сайд нар түүгээр юу хийх гэж байгааг хэн ч мэдэхгүй, батлаад л явуулж байна ш дээ. Сангийн мөнгө 5 дахин нэмэгдлээ. Юу гэсэн үг юм бэ. Ингээд тал талаас нь аваад үзвэл танах боломжтой, юу хийх гэж байгаа нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй, ерөнхий дүнг нь тавьчихсан ажил их байна. Ний нуугүй хэлэхэд, 5 их наядыг хассан ч болохоор юм наад төсөв дотор чинь байгаа.

Ний нуугүй хэлэхэд, 5 их наядыг хассан ч болохоор юм наад төсөв дотор чинь байгаа.

-Төсөв тэлснээр эдийн засгийн өсөлтөд яаж нөлөөлөх бол?

-Төсөв тэлнэ гэдэг бол маш ноцтой асуудал. Монгол бол хэрэглэгч улс. 31 их наяд нь урсгал зардал, цаадах нь хөрөнгийн зардал байна. Хэрэглэгч орны бүх мөнгө гадагшаа гардаг. Хөрөнгийн зардалд тавьсан мөнгөөрөө гадаадаас барилгын материал, сэлбэг хэрэгсэл, тавилга авчихна. Урсгал зардлын 31 их наяд нь цалин, тэтгэмж, халамж болоод ард түмний гар дээр очдог ч ард түмэн бас л гадаадаас оруулж ирсэн юмыг худалдаж авна. Ард түмний мөнгө ингээд бас л гадагшаа гарна.

Валютаа ингэж их хэмжээгээр гадагшаа гаргана гэдэг чинь ханш нь өснө гэсэн үг. Валютын ханш өсөхөөр юмны үнэ дагаад өсдөг.

-2025 оны улсын төсвийг ингэж тэлбэл 2026 онд эдийн засгийн өсөлт 5.5, 2027 онд 5%-иар саарна гэж Олон Улсын Валютын сан анхааруулсан.

-ОУВС-гийн анхааруулгатай би санал нэг байгаа. Валютаа гадагшаа гаргаж, үнэ өсөхөөр хэн дээр хамгийн хүнд ачаа очих вэ?

-Иргэдэд.

-Иргэд дотроо өнөө маргаашийнхаа талхыг авч чадахгүй байгаа 1 сая иргэн бий. Нэн ядуу. Дэлхийн банкны 2022 оны судалгаагаар үүнийг тогтоочихсон. Сүүлийн 10-аад жил манай улс нэн ядуу 1 сая иргэнтэй байгаа. Энэ тоо одоо болтол өөрчлөгдөөгүй. Би 100 хувь итгэлтэй байна. Үнийн өсөлт шууд энэ хүмүүс дээр очно.

Уг нь төсөв гэдэг чинь ажлын байр бий болгохын төлөө, улсын ирээдүйн төлөө байдаг юм. Хатуу валютаар дамжуулаад, улсынхаа эдийн засгийг сүйрүүлдэг төсөв байж болохгүй гэдгийг ОУВС анхааруулаад байгаа юм. Дэлхийн олон байгууллага ингэж анхааруулж байна. Хэрэглэгч улс төсвөө данхайлгана гэдэг бол өөрөө үхэл рүүгээ явж байна гэсэн үг.

Үнийг дагаад инфляц өснө. Инфляц өсвөл ард түмэнд л хамгийн муугаар нөлөөлнө. Улсыг удирддаг 2 бодлого байдаг, тийм үү. Мөнгөний, төсвийн бодлого. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ чангална. Тэгэхээр аж ахуйн нэгжид зээл олдохоо болино. Одоо ч хүнд байна шүү дээ. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдоод эхэлнэ. Би маш олон компанийн хүмүүстэй уулзаж байна. Тэд үгээ хэлж байна шүү дээ. 1990-ээд оноос үйл ажиллагаа явуулсан, нэлээд том гэж миний ойлгодог компанийн захирлууд ийм юм ярьж байна.

Төр, засаг буруу бодлого явуулна гэдэг чинь ард иргэдийнхээ эсрэг бодлого явуулж байна гэсэн үг. 2023 оноос хойш татварын дарамт 10.5 их наядаар нэмэгдлээ. Ийм их мөнгө яг тэр аж ахуйн нэгж, ард түмний нуруун дээр ирж байна. Ард түмний халаас руу Засгийн газар орж байна. Яаж ийм бодлогогүй төсөв өргөн бариад байдгийг би маш их гайхаж байна. Сайд, дарга нарт дураараа дургих нь сайхан байдаг байх л даа.

Ард түмнийг доройтуулах, компаниудыг дампуурулах зорилготой юм биш үү. Өнөөдөр хамгийн том ажил олгогч нь төр болчихлоо шүү дээ.

-Манай төсөв ДНБ-ийнхээ 40 орчим хувьд хүрчихлээ. Төр, орон нутгийн өмчит компани 400 орчим бий. Актив, өөрийнх нь хөрөнгө гэвэл 60, 70 их наяд. Үүн дээр нэмбэл ДНБ-ий бараг 70 хувь нь төрийн мэдэлд орчихсон. Бид социализмд байна гэж ойлгож болно.

Улс хөгжихийн тулд аж ахуйн нэгжээ дэмжих бодлого явуулдаг. Төсөв, татварын бодлогоор дамжуулж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой. Тэгэхгүй амыг нь барьж, нуруун дээрх ачааг нь нэмнэ гэдэг бол аймшигтай. Монгол Улсын төсөв бол ард түмэн, аж ахуйн нэгжийн эсрэг баримт бичиг болоод хувирчихлаа.

Аж ахуйн нэгжээс илүү иргэдэд ирэх дарамт илүү их нэмэгдэнэ гэж би хараад байна л даа. Яагаад гэхээр 2025 оны 4-р сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмнэ. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэмэх зорилгоор цалингийн доод хэмжээг нэмж байна уу гэж би харж байна. Миний цалингаас суутгаж буй шимтгэл надад тэтгэвэр болж ирэх бол миний ажил олгогчоос авч байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг төр аваад, зарцуулчихдаг. Энэ мөнгөө л нэмж авах гээд байгаа юм биш үү?

-Монголын татварын хуульд 30 орчим татвар, шимтгэл бий. Аж ахуйн нэгжүүдийн хамгийн их шүүмжилж байгаа шимтгэл бол нийгмийн даатгалынх. Ажил олгогчоос 12, ажилтнаас 12 гээд, нийт 24 хувийн шимтгэлийг төр авчхаж байна. Энийгээ төлж чадахгүй болсон аж ахуйн нэгж борооны дараах мөөг шиг олширч байна. Энэ бодлогоо эргэж харах байтал “Нийгмийн даатгалын шимтгэлээр өчнөөн мөнгө орж ирдэг” гээд улам ихийг авах гэж байна. Ингэсээр байтал нийгмийн даатгалын систем дампуурлаа. 20-иод их наядын өртэй. Нийгмийн даатгалын сангийн мөнгө нь дутаад, төсвөөс 1 их наядыг өгч байна. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна. Гадаадаас зээл авч, өр нэмж байна. Төсөв, татварын бодлогоор энэ бүх буруу зүйлээ засах ёстой байтал ер тийм юм харагдахгүй байна.

Халамжийн мөнгө 2016 оноос хойш 12 дахин өссөн

Хувь иргэний хувьд ялгаа байхгүй. Бүтэн сар ажил хийж авсан хэдэн төгрөгөөс нь нийгмийн даатгал гээд 12%, ХХОАТ гээд 10%-ийг нь авчихдаг. Үлдсэн цалингаараа хүнсээ худалдаж авахаар НӨАТ авдаг. 40 орчим хувийг нь улс татвар, шимтгэл хэлбэрээр авчхаж байна. Ингэж авсан мөнгөөрөө улс юу хийж байна. Үүнийг л би шүүмжлээд байгаа юм.

Улс иргэдээс авсан мөнгөөрөө дураараа дургиж байна. Ч.Номин сайд кино үзүүлнэ гээд 18 тэрбум төгрөг тавьж байна. Иргэдийн хөлсөө гаргаж олсон мөнгөөр тэд ингэж дураараа дургиж байна. Бид хэрвээ улс шиг байя гэвэл төсвөө цэгцлэхээс эхлэх ёстой.

-Цалингийн доод хэмжээг нэмэхийн эерэг болоод сөрөг тал нь яаж ирэх бол?

-Би үүнийг халамжтай уяж ойлгож байна. Монгол Улс хавтгай халамжтай ш дээ. Наад төсвийн чинь 3.5 их наяд нь халамж. Манай улсын 3.5 сая хүний 2.5 сая нь халамж хүртдэг. Энэ нь Монгол Улсын нийт эдийн засгийн 70% нь төрийнх болсонтой уялдаатай. Тиймээс төр цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж нэмэх замаар ард иргэдийн амийг түр зуур зогоож, арай л өлсгөж үхүүлчилгүй байлгаад байна.

2016 онд халамжид 285 тэрбум төгрөг өгч байсан. Одоо 3.5 их наядыг өгч байна. Бараг 12 дахин өссөн. Ний нуугүй хэлэхэд, бид хаашаа явж байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Социализм руугаа л яваад байна уу даа. Бид энэ янзаараа солциализм руугаа яваад байвал юунд хүрч, хаана очиж унахыг би ёстой хэлж мэдэхгүй байна.

Бид хэр их өртэй байгаа бол?

-Төсвийн тэлэлт дандаа гадаад өр үйлдвэрлэдэг. Монгол Улсын гадаад өр сүүлийн 8 жилд 2 дахин нэмэгдсэн. Энэ бол байж боломгүй явдал. Энэ хугацаанд нүүрс, зэсийн үнэ 2-7 дахин нэмэгдсэн. Ийм их боломжийг ашиглахгүйгээр асар их өр үйлдвэрлэнэ гэдэг бол үнэхээр мулгуу бодлого явуулж байгаагийн илрэл.

Монгол Улсын нийт гадаад өрийг ярихгүй байна. Засгийн газрын өрийг л ярьж байна. 2016 онд Засгийн газар 4 тэрбум ам.долларын өртэй байсан бол одоо 8 тэрбум болсон. Үүнийгээ боломжийн гэж ярьж байна. Гэтэл Монгол Улсын нийт өр 35 тэрбум ам.доллар хүрч байна ш дээ.

-Тэгэхээр та бид 2-т хэдэн төгрөгийн өр ноогдож байна?

8 жилийн өмнө 1 иргэнд 15 сая төгрөгийн өр ноогдож байсан бол одоо 40 сая төгрөгийн өр оногдож байна

-1 иргэнд 40 сая төгрөгийн өр ноогдож байна. 2016 оны сонгуулиар 1 иргэнд 15 сая төгрөгийн өр ноогдож байлаа. Тэгэхэд “Улс орон сүйрлээ. Болохоо байлаа” гээд ард түмэн орилж байсан. “Энэ чинь байж боломгүй явдал” гээд би МАН-д балиашиглаж байлаа. Гэтэл өнөөдөр Монголын иргэн бүр 40 сая төгрөгийн өртэй болчихлоо. Үүнийг ярьж байгаа хүн алга. Өр гэдэг бол ирээдүйдээ асар их нүгэл үйлдэж байна гэсэн үг. Улсын ирээдүйг байхгүй болгож байна. Улс оронд гадаад өрийн асуудал чухал байдаг юм.

Төсвөө замбараагүй тэлээд, асар их өр тавиад, түүндээ ямар ч хариуцлага хүлээхгүй байна шүү дээ. Тухайн үедээ л 5 цаас авчихвал 4 жилийн дараа би хаана ч очиж амьдарсан яадаг юм гэж л хандаж байна. Ийм эх оронч биш, улс орны ирээдүйг боддоггүй хүмүүс өнөөдөр 3 дахь удаагаа УИХ-д сууж байна. Үнэхээр харамсаж байна.

Эх орноо мөлжиж мөнгөжөөд, гадаадад очиж амьдрах сайхан байдаг юм болов уу. Энд дарга гэж даналздаг ч хүний нутагт бол хэн ч биш шүү дээ. Хүний нутаг бол хүний л нутаг. Тийм сайд, дарга нарын зарим нь харьд очоод, удахгүй эргэж ирдэг. Идээшдэггүй юм биш үү. Түүний оронд эх орноо сайхан болгоод, нутагтаа нүүр бардам амьдарсан нь дээр биш гэж үү?

-Тийм байж болно. 4 жил парламентад ажиллахдаа Монгол Улсыг асар их өрөнд оруулсан хариуцлагаа хэн нь ч хүлээхгүй байна. Хариуцлага тооцсон бол дараагийн гишүүд нь ядахдаа төсөвтөө учиртай хандах ёстой.

-Эрх мэдэлтнүүд ижилхэн юм чинь нэгэндээ хариуцлага тооцох боломжгүй л дээ. Хариуцлагыг уг нь сонгуулиар тооцох боломж ард түмэнд байлаа. Гэвч ард түмэн хариуцлага тооцохгүй байна. Тэгэхээр яах юм бэ?

-Би наадхыг чинь ингэж хараад байгаа. Манай иргэдэд мэдээлэл маш бага байна. Төсвийн гэж юу байдгийг ойлгохгүй байна л даа, хүмүүс. “Нэг л идсэн уусан юм байдаг юм байна” гэж л ойлгоод байгаа. Бид иргэдэд зөв мэдээлэл өгөх юм бол тэд хариуцлага тооцож чадах байх.

Мөнгө тараагаад өгчхөөр өнөөдөртөө болоод байдаг. Улс орон нь өрөнд живж байгааг мэдэхгүй байна. Ирээдүйн боломжоо алдаж байгаагаа ч мэдэхгүй байна. Улсын төсөв уг нь айлын төсөвтэй яг ижилхэн шүү дээ. Өрхийн мөнгийг барьдаг хүн өр тавиад байвал том асуудал үүснэ. Тийм үү? Айл гэр авч явж байгаа хүн ер нь тийм алдаа хийдэггүй.

Гэтэл улсыг удирдаж байгаа хүн ямар ч өр тавьсан хамаагүй, хаяад явчхаж болж байна. Ирээдүйд Монголын хүүхдүүдээр тэр өрөө төлүүлэхээр үлдээж байна. Манай улс айлын тэнэг, эрх, дураараа хүүхэд шиг л загнаж байна шүү дээ.

-Төр ийм их өр тавиагүй, төсвөө зөв төлөвлөж ирсэн бол манай улс өнөөдөр яг ийм байх байжээ гээд хүмүүст хэлбэл ойлгох болов уу. Танд тийм баримжаа байна уу?

Өмнөд Солонгос шиг болох боломж бидэнд байсан байна

-Байлгүй яах вэ. 2016 оноос хойш манай улс газраа ухаад 120 орчим тэрбум долларын ашиг олжээ. 1960-аад онд 30 тэрбум доллароор өнөөгийн Солонгосыг байгуулсан юм шүү дээ. Гэтэл бид түүнээс 4 дахин их мөнгө олжээ. Өмнөд Солонгос шиг болох боломж бидэнд байсан байна. Гэтэл 120 тэрбум доллароо үрчхээд, 40 тэрбум долларын өр тавьчихсан сууж байна шүү дээ. Бид ямар хариуцлагагүй, ямар их боломжоо алдсан нь энэ тооноос тодорхой харагдана.

-Та энэ оны 6-р сард АТГ-т хандсан даа. Таны өгсөн баримтыг АТГ шалгасан уу. Юу болсон бэ?

-Би УИХ-д дэвших бодолтой байсан ч манай нам “Танаас илүү эрдэм боловсролтой хүмүүс байгаа учраас” гээд өөр хүмүүс дэвшүүлсэн. Тэгээд жаахан чөлөөтэй болоод, аймгуудын төсвийг газар дээр нь очиж харъя гээд явсан. Үнэхээр нүд халтирмаар байсан. Би эхлээд итгээгүй. “Арай ч ингэж дураараа дургиж болохгүй” гэж бодсон. 10 аймгаар явж, цуглуулсан материалаа бэлэн болгоод, 1 аймгийнхыг нь АТГ-т өгсөн. Сэлэнгэ аймгийн 4-р сургуульд өргөтгөл барихаар 2024 оны төсөвт тусгасан байсан. Өргөтгөл барих компани 3 тэрбум төгрөг авсан хэрнээ тэнд нүх л байсан. Сургуулийн захиралтай нь уулзахад “Энэнээс өөр юм байхгүй” гэсэн. 3 тэрбум төгрөгөөр нүх ухсан энэ асуудлыг АТГ-т өгсөн. 2, 3 сар таг чиг байснаа “Наадах чинь хохирогчгүй юм байна” гэсэн хариу өгсөн. “Юуг нь шалгасан юм” гэсэн чинь Боловсролын яамны 1 мэргэжилтэн, 4-р сургуулийн менежер юм уу, багш ч юм уу 1 хүнээс асуусан байна лээ. Тэр 2 нь юу  ч мэдэхгүй, өргөтгөл барихаар хэдэн төгрөг төсөвлөж өгснийг ч мэдэхгүй байсан.

Тэгээд хэрэг ч үүсгээгүй юм уу?

-Бусад аймгуудын баримтыг дараалаад АТГ-т өгье гэж би уг нь бодож байсан юм. Өгөөд ч нэмэргүй юм байна лээ. Төсөв мөнгөний ойлголттой комиссар ч АТГ-т алга. Прокурорт нь ч тийм хүн алга. “Төсвийг замбараагүй зарцуулсан явдлыг хамгаалах зориулалттай хүмүүс юм байна” гэж би ойлгоод, дахиж хандаагүй. “3 тэрбум төгрөгөөр нүх ухах бол байдаг л явдал” гэж үздэг юм байна лээ. Би тэгж ойлгосон. АТГ надаас ч мэдүүлэг аваагүй. Би хангалттай баримт өгсөн. Надад хангалттай баримт бий. Хөвсгөлд төсөвтэй холбоотой аймаар асуудлууд байна лээ.

1 тэрбум гээд төсөл, арга хэмжээ төсөвт тусгачихдаг юм байна лээ. Тэгээд 3 жилийн хугацаанд төсвийг нь нэмсээр 15 тэрбум төгрөг болгочихсон байгаа юм. Нүх ухаад мөнгөө авна. Түүнийгээ тойруулж хашаа бариад, мөнгөө нэмж авна. Ийм байдлаар аваад байдаг юм байна. Улайм цайм дээрэм л юм байна лээ.

Барилгаас иддэг мөнгө нь багадаж байхгүй юу. Одоо мега төсөл гэдэг юм руу орж байна

-Одоо ч манай улсын 2025 оны төсөвт яг ийм хөрөнгө оруулалт зөндөө байгаа. 14 мега төслийнх нь ганц хоёр нь л хэрэгжих боломжтой гэж зарим эдийн засагч үзэж байна.

-Барилгаас иддэг мөнгө нь багадаж байхгүй юу. Одоо мега төсөл гэдэг юм руу орж байна. Нэгэн зэрэг 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ямар юм байдаг юм. Дархан руу  200-хан км зам тавьж чадахгүй, цэвэрлэх байгууламж барих гээд 8 жил болж байна шүү дээ. Ийм байхад, 14 мега төсөл гэж оруулж ирээд, бараг 1 их наядыг тодотголоор авсан ш дээ. Ганц хоёрыг л эхлүүл л дээ.

Энэ бол мега төслийн талаар ямар ч мэдлэггүй улсуудын хийж байгаа ажил. Мега төслийг Дэлхий нийт нэлээн тооцоо судалгаатай хийдэг юм байна лээ. Мега төслийн 80 хувь нь дампуурдаг. 20%-ийнх нь анх төсөвлөсөн мөнгө 2 дахин нэмэгддэг. 1 мега төслий тооцоо, судалгааг 1000 хүн хамтарч гаргадаг. Манай 14 төслийн тооцоог хэдэн хүн гаргасан гэж бодож байна. 2, 3 хүн л гаргасан. Ийм байж болохгүй ш дээ.

“Хөшөө бариад шальтай мөнгө унахгүй юм байна. Соёлын төв бариад олигтой ашиг унахгүй юм байна. Мега төсөл нь хамаагүй унацтай юм байна” гээд дараагийнхаа алхмыг хийж байна. Үүнд би дургүйцэж байгаа. Үнэнийг хэлсэн, шүүмжилсэн хүнээ дайсан мэт үздэг, харааж зүхдэг нийгэм рүүгээ явж байна л даа, бид.

-Хэрэгжихээр төсөл алга уу, таныхаар уу?

-14 юм болохоор эрх биш хэрэгжихээр юм бий. Бүх юмыг хараар будаж болохгүй.

-Таныхаар аль нь хэрэгжиж, аль нь хэрэгжихгүй бол?

-Үнэхээр юм хийе гэсэн бол эд Монголд яг юу хэрэгтэй вэ гэдгийг эхлээд бодох ёстой байсан юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг би дэмжиж байгаа. 14 дотор уран ашиглах төсөл байна лээ. Энэ бол Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Том гүрэнтэй хамтарч ажиллавал Монголын тусгаар тогтнол баталгаажих юм уу гэж харж байна. Эдийн засгийн ашгаас гадна ийм зүйл харж байна. Замбараагүй эдийн засагтай, сахилгагүй хүүхэд шиг улсыг маань хамгаалах хэрэгсэл болох болов уу. Улаанбаатар хотыг тойруулаад, Туул гол дагасан хурдны зам тавихыг би дэмжиж байна. Түүнээс биш уул нүхэлж, 600 тэрбум төгрөгөөр төрийн албан хаагчдын байшин барилга барина гэдэг бол сагаж байгаа, татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй шидэж, гайхуулж байгаа явдал. Ийм төсөл зөндөө байна лээ.

-Эдийн засагч хүний хувьд тооцож үздэг байлгүй гэж бодоод асууя. Улаанбаатарыг яаж утаанаас салгах вэ?

Дарга, сайд нарын хүүхдүүд утаагүй газар луу нисдэг. Ядарсан улсууд нь утаан дундаа үлдэж байна.

-Улаанбаатарыг утаанаас салгана гээд утаагүй түлш гээчид 1.5 их наядыг зарцуулсан. Тэгсэн хэрнээ үйлдвэр нь 1 их наядын өртэй байна. Эдний хийж байгаа юм ийм л байна. Утааны асуудал үе үеийн Засгийн газрын номер 1 асуудал байсан. Сэтгэл зүрхээ зориулаад, хулгай дээрмээ үүн дээр зогсоогоод, шийдвэл шийдэл бий. 2012-2016 онд Засгийн газар 3 их наяд төгрөг Монголбанкнаас гаргаад, 86 мянган айлыг орон сууцанд оруулсан. Энэ эрчээрээ явсан бол маш олон айлын янданг буулгах боломж байсан. Гэтэл 2016 онд “АН-ын хэрэгжүүлсэн ипотекийн төсөл улс орныг сүйрүүлж байна” гээд зогсоочихсон. Гэтэл өөрсдөө 2.5 их наяд төгрөг үргүй зарцуулсан байна. Энэ бол 50-60 мянган айлыг байранд оруулах мөнгө. Бид гэр хорооллыг орон сууцаар сольж байж л утаагүй болно. Ямар ч утаагүй түлш, зуух гэж байхгүй. Энэ бол иргэдийн зовлон дээр тоглож, мөнгө олж байгаа явдал. Эрх баригчид яаж утаагүй болгох вэ гэхээс илүү яаж хэдэн төгрөг олох вэ гэж харж байна. Туркээс зуух, Хятадаас түлш гээд янз бүрийн юм оруулж ирлээ. Тэр 1.5 их наядаар утаагүй түлшний үйлдвэр барих шийдвэрийг хэн гаргасан юм бэ? Хариуцлага тооц л доо. Утаагүй зуух, нүүрсийг хэн оруулж ирсэн юм бэ? Тэр хүндээ хариуцлага тооц. Тоотой хэдэн хүн л байгаа ш дээ.

Баян ядуугийн ялгаа туйлын их боллоо. Өвөл болохоор дарга, сайд нарын хүүхдүүд, гэр бүл бүгд утаагүй газар луу нисдэг. Ядарсан улсууд нь энэ утаан дундаа үлдэж байна.

-Тэгвэл танд түгжрэлийн шийдэл байна уу?

-Хотын төв рүү орвол жолоочоос өндөр төлбөр авах хэрэгтэй. Машинтайгаа хотын төв рүү орвол цагт 10 мянга, хотын төвийн зогсоол цаг нь 20 мянга гэвэл хэн ч төв рүү орж ирэхгүй. Их дэлгүүр орох гэж 30 мянган төгрөг төлж яах юм. Автобусанд сууна. Автобусыг нь сайхан үйлчилгээтэй болгочих. Ногоон автобус шиг хулгайлахаа боль. Ядахдаа 10 хувиа л ав л даа. Энийгээ хуульчил. Бусдыг нь зориулалтаар нь зарцуул л даа.

Олон их наядын нүүрсний хулгай яриад л байсан. 1 ч хүн шийтгүүлээгүй. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг 2 хариуцлага алдсан гэж шийтгүүлсэн, нүүрсний хулгайгаар биш. Ардчилал, хариуцлагатай хамт байдаг юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *