Монгол улсын тулаанч Т.Нямжаргал UFC холбооны анхны тулаанаа бямба гаригт хийнэ


АНУ төдийгүй дэлхийд хамгийн томд тооцогддог холимог тулааны UFC холбооны Fight Night 248 арга хэмжээ арваннэгдүгээр сарын 23-ны бямба гаригт БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Макао-гийн Galaxy Arena цогцолборт болох гэж байна.

Тэгвэл энэхүү арга хэмжээнд монголын тулаанч Түмэндэмбэрэлийн Нямжаргал оролцож, UFC холбооны анхны тулаанаа хийх гэж байна. Тэрээр Facebook дэх өөрийн хуудсанд UFC Fight Night 248 арга хэмжээний постер дээр гарын үсэг зурах, албан ёсны гэрэл зураг авахуулах болон дүрс бичлэгэнд оролцож байгаа үйл явдлуудаа нийтэлсээр байгаа бөгөөд өнөөдөр тэрээр “14 кг хасч, жиндээ орлоо” гэсэн постыг нийтлээд байна.

Т.Нямжаргал 8-0-0 гэсэн нэг ч ялагдалгүй үзүүлэлттэй UFC-д хөл тавьж байгаа бол түүний өрсөлдөгч нь 1993 онд төрсөн, 9-4-0 гэсэн үзүүлэлттэй Америкийн тулаанч Карлос Хернандез юм. 

UFC Fight Night 248 арга хэмжээ нь Хятадын Макаод зохиогдож байгаа UFC-гийн дөрөв дэх арга хэмжээ бөгөөд хамгийн анх Макаод 2014 оны 8 сард UFC Fight Night: Bisping vs. Le гэсэн арга хэмжээ болж байсан түүхтэй. Энэ удаагийн арга хэмжээний оргил тулаан UFC-гийн хоёр хуучин аварга, Оросын тулаанч Петр Ян, Бразилын тулаанч Дэйвесон Фигурэйдо нарын хооронд болно. Нийт 13 тулаан зохиогдох бөгөөд Хятадад зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа тус улсын 9 тулаанч энэ удаагийн арга хэмжээнд оролцож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *