ОУЭШ-ээс Б.Нэтаньяху, Й.Галлант, Хамасын цэргийн коммандлагч нарыг баривчлах тушаал гаргажээ


Олон улсын эрүүгийн шүүхийн зүгээс Израил-Хамасын дайны үеэр дайны гэмт хэрэг үйлдсэн, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх “үндэслэл, шалтгаан” байгаа учраас Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху, Израилын Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант болон Хамас бүлэглэлийн цэргийн коммандлагч Мохаммед Дэйф нарыг баривчлах тушаал гаргаж байгаагаа мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар Б.Нэтаньяху Израил улсын Ерөнхий сайдын албаа хашсан хэвээрээ байгаа бол Йоав Галлант Батлан хамгаалахын сайдын албан тушаалаасаа халагдаж, харин Мохаммед Дэйфийг өнгөрсөн 7 сард Газын зурваст агаарын довтолгоонд өртөж, амиа алдсан хэмээн Израилын талаас мэдэгдсэн юм.

Дээрх гурван хүнийг дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт үйлдсэн тул баривчлах тушаал гаргасан явдлыг Израилын зүгээс няцаасан хариу мэдэгдэл хийжээ. Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху ОУЭШ-ийн дээрх шийдвэрийг “еврейчүүдийн эсрэг” утга агуулгатай хэмээн шүүмжилсэн бол Хамас бүлэглэлийн зүгээс М.Дэйфийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй ч Нэтаньяху, Галлант нарыг баривчлах шийдвэр гаргасан нь “түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явдал боллоо” хэмээн онцолжээ. Израилын холбоотон АНУ-ын зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бол Европын хэд хэдэн улс ОУЭШ-ийн дээрх шийдвэрийг сайшаажээ.

Уг шийдвэрийн дагуу ОУЭШ-ийн гишүүн улс орнуудын нутаг дэвсгэрт хөл тавьсан даруйд дээрх хүмүүсийг баривчилж, шүүхийн өмнө аваачих үүрэг хүлээж байгаа ч бодит байдал дээр Ромын дүрмийг даган биелүүлэх нь ховор байдаг. Хамгийн сүүлд гэхэд л Монгол улсад 9 сард айлчилсан ОХУ-ын төрийн тэргүүнийг баривчлаагүй тодхон жишээ байгаа билээ. Гэхдээ Нэтаньяху, Галлант нарын хувьд гадаад улс оронд хийх айлчлал нь хязгаарлагдмал болж байгаа юм. Харин Газын зурвас дахь палестинчууд Израилын удирдагчдыг шударга шүүхийн өмнө аваачиж, шударга ёсыг хэрэгжүүлэх найдвар тавьсаар байгаагаа илэрхийлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *