FIBA: Монголын Хөх Чононууд Японы эсрэг 75 оноо авлаа


Mongolia 75-93 Japan | FIBA Asia Cup Qualifiers

Өчигдөр Японы Үцүномиягийн “Nikkan Arena Tochigi” цэнгэлдэхэд Дэлхийн чансааны 108-р байрт эрэмбэтэй Монгол Улсын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг Дэлхийн чансааны 21-р байрт эрэмбэтэй Японы багийг дайлаар мордлоо. Хоёр багийн тоглолт таамаглаж байснаас өөр байсан ч манай баг өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж чадлаа. Тоглолтын эхний үе 22:22 гэсэн онооны тэнцүүгээр өндөрлөсөн. Харин хоёрдугаар үед талбайн эзэн Японы баг тэргүүлснээр тоглолт 47:36 харьцаагаар завсарласан.

Манай баг гуравдугаар үеийн төгсгөл, дөрөвдүгээр үеийн эхлэлд муу байсан ч эцсийн мөч хүртэл довтолгоо хийхийг зорьж, сүүлийн хоёр минутад Японы багт гоол оруулах боломж өгөлгүй, онооны зөрүүг 20 дотор оруулж ирсэн. Ийн 75:93 харьцаагаар Японы шигшээ баг хожлоо.

Манай багаас А.Энхбаясгалан гангаж байж 26 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол түүний араас 16 оноо авсан үзүүлэлтээр О.Эрдэнэцогт онооны самбарын хоёрт жагсав. Харин ОУХМ Б.Билгүүн 4, Э.Маргад 8, Г.Болор-Эрдэнэ 8, Э.Саруул-Эрдэнэ 8, Т.Ууганбаяр 1, Ч.Ихбаяр нар 3 оноо авлаа.  

Харин Японы багаас Юдай Нишида гурвын зайнаас шидсэн 8 шидэлтийнхээ долоог нь оруулж нийт 21 оноо мөн 12 удаа самбараас бөмбөг авч тоглогчдыг тэргүүлэв. Мөн Макото Хиэжима 18 оноо, легионер тоглогч Алекс Кирк 17 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, 4 хаалт өгч тус тус онооны самбарт жагслаа.

Тэгвэл энэ хэсгийн нөгөө талд Хятадын баг талбай дээрээ Гуам улсын шигшээг 101:53 харьцаагаар давамгайлж, хожив. Манай Хөх Чононууд арваннэгдүгээр сарын 24-н буюу бүтэнсайн өдөр талбай дээр хүчирхэг Хятадын шигшээг хүлээн авч ээлжит тоглолтоо хийнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *