Ford компани Европт ажиллах хүчний цомхотгол хийнэ


Америкийн автомашин үйлдвэрлэгч Ford компани Европ дахь ажиллах хүчээ 14 хувиар бууруулахаар болсон байна. Уг шийдвэрийн дагуу 2027 оны эцэс гэхэд тус компани Европын салбарууд дахь 4000 ажилтнаа цомхотголд оруулахаар төлөвлөжээ. Үүний дийлэнх нь буюу 3000 нь Германд ажиллаж байгаа ажилтнууд бол 800 орчим нь Их Британийн ажилтнууд гэнэ.

Ford компани Европт цомхотгол хийх болсон шалтгаанаа цахилгаан автомашины өрсөлдөөн нэмэгдэж, борлуулалт төсөөллөөс буурсан үзүүлэлттэй гарсан, мөн бусад эдийн засгийн сөрөг нөллөөллөөс үүдэн гаргасан шийдвэр хэмээн тайлбарлаж, цомхотголын асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрэх яриа хэлцлийг үйлдвэрчний эвлэлүүдтэй явуулж байгаагаа мэдэгдсэн байна.

Ford компанийн хувьд нөхцөл байдал улам хүндэрч байгаа зах зээлийн өрсөлдөөнд тогтож үлдэхийн тулд нийт үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ бууруулж, хамгийн олон тоогоор борлуулагддаг автомашины загваруудын үйлдвэрлэл дээр илүү анхаарлаа хандуулах арга хэмжээг аль хэдийн аваад байгаа юм.

Зөвхөн Ford ч гэлтгүй бусад томоохон автомашин үйлдвэрлэгчид ч цомхотгол хийж, үйлдвэрүүдээ хаагаад байгаа. Жишээ нь General Motors компани саяхан 1000 ажилтнаа халсан, Volkswagen компани Герман дахь 3 үйлдвэрээ хааж магадгүй байгаа талаараа мэдэгдсэн бол Nissan компани 9000 ажилтнаа цомхотгож, нийт үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20 хувиар бууруулахаа мэдэгдсэн билээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *