В.Путин БНАСАУ-ын амьтны хүрээлэнд 70 гаруй амьтан бэлэглэжээ


ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Умард Солонгосын амьтны хүрээлэнд арслан, бор баавгай зэрэг 70 гаруй амьтан бэлэглэсэн байна. Оросын төрийн тэргүүний энэхүү үйлдэл нь Москва, Пхеньяны харилцаа улам ойртон гүнзгийр байгааг харуулсан үйл явдал болж байна. Үүний өмнө Оросын зэвсэгт хүчинд их бууны сум нийлүүлсэнд талархал илэрхийлж Оросын төрийн тэргүүн Умард Солонгос улсад 24 толгой цэвэр үүлдрийн адуу бэлэглэж байсан юм.

ОХУ-ын Хүрээлэн буй орчны сайд Александр Козлов В.Путины бэлгийг лхагва гаригт ачааны онгоцоор өөрийн биеэр Пхеньянд хүргэн, хүлээлгэж өгсөн талаар тус яамны телеграм хуудсанд мэдээлжээ.

Дээр дурьдсан амьтдаас гадна сарлаг, тоть, тогос, нугас зэрэг олон төрлийн амьтад багтсан байна. Путины бэлгийг хүргэж өгсөн ОХУ-ын Хүрээлэн буй орчны сайд Александр Козлов Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-д бараалхаж, уулзсан байна.

Барууны хоригт ороод байгаа хоёр улсын удирдагчид сүүлийн саруудад харилцаагаа улам бэхжүүлсээр байгаа бөгөөд өнгөрсөн 6 дугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин БНАСАУ-д төрийн айлчлал хийж, хоёрын улс харилцан бие биенээ гадны түрэмгийллээс хамгаалах гэрээг байгуулж байсан. Тухайн үед В.Путин дотооддоо үйлдвэрлэсэн Аурус хэмээх лимузин автомашиныг бусад бэлгийн хамт Ким Жон Унд бэлэглэж байсан билээ.

ОХУ-ын төрийн тэргүүнд Украины дайнд өөр улс орны дэмжлэгийг авах зайлшгүй шаардлага байгаа бол БНАСАУ-д дотоодын пуужингийн хөтөлбөртөө Оросын сансрын технологийг ашиглах ашиг сонирхол байгаа юм. Сүүлд мөн Умард Солонгосын олон мянган цэрэг Орос-Украины хилийн орчимд дайчлагдан ирээд байгаа гэсэн мэдээллүүд чих дэлсэх болсон билээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *