-Гэтэл төрд бизнес эрхлэгчдийн бодит асуудлыг хүргэх, шийдэл гаргуулах тал дээр танхимын нөлөөлөх чадвар сул байна-
-МҮХАҮТ-ын үйл ажиллагааг та хэрхэн үнэлж байна вэ?
-МҮХАҮТ нь Монголын бизнесийн хөгжлийг дэмжих томоохон үүрэгтэй байгууллага. Гэвч өнөөгийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй байж чадахгүй байгаа нь харагддаг. Мэдээж, танхим олон төрлийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч эдгээр нь бодит үр нөлөөтэй эсэх нь маргаантай. Бизнес эрхлэгчдийн хувьд танхимын зүгээс гарч буй санал санаачилга заримдаа хангалттай оновчтой биш, тодорхой асуудлыг шийдвэрлэх чадамжгүй гэж үздэг.
-Тэгвэл танхимын гадаад болон дотоод худалдааны үйл ажиллагаанд ямар дутагдал ажиглагдаж байна вэ?
-Гадаад худалдааны хувьд, Монголын экспортын бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах, олон улсын зах зээлд таниулах ажил тодорхой хэмжээгээр хийгдэж байгаа. Гэхдээ энэ нь хангалтгүй. Тухайлбал, гадаадын үзэсгэлэн, форумд оролцдог ч эдгээрийн дараах бодит үр дүн, үр ашиг бараг ажиглагддаггүй. Монголын бүтээгдэхүүний экспортын гол бэрхшээл бол стандартын шаардлага хангахгүй, брэнд хөгжүүлэлт дутмаг байгаа явдал. Танхим энэ чиглэлд оновчтой бодлого боловсруулж, бизнес эрхлэгчдэд практик дэмжлэг үзүүлэх ёстой. Дотоод худалдааны хувьд ч ялгаагүй асуудалтай. Танхимын анхаарах гол зүйл бол бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрд илүү хүчтэй хүргэх, жижиглэн худалдаа эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн бодлогын санаачилгыг гаргах явдал юм.
-МҮХАҮТ-ын зүгээс жижиг, дунд бизнес(ЖДБ)-үүдэд үзүүлж буй бодит дэмжлэг юу байна?
-ЖДБ-үүд нь Монголын эдийн засгийн тулгуур багана хэдий ч тэдэнд үзүүлж буй дэмжлэг хангалтгүй байна. Танхим ЖДБ-ийн санхүүжилтэд анхаарч, банк, санхүүгийн салбартай хамтран ажиллах тухай ярьдаг. Гэвч бодит байдал дээр ЖДБ-үүдийн ихэнх нь шаардлага хангаж чадахгүйгээс санхүүжилтийн хүртээмж хязгаарлагдмал хэвээр байна. Мөн орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих тал дээр танхимын үйл ажиллагаа сул байна. Олон улсын жишгээр, худалдаа аж үйлдвэрийн танхим нь зөвхөн төвлөрсөн хотод бус, орон нутагт ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх ёстой. Харин манайд энэ төлөөлөгчийн газар нэртэй байгууллага байх ч үйл ажиллагаа нь харьцангуй оновчтой бус байна. Сургалтын хувьд ч хэрэгжүүлэхүйц, үр өгөөжтэй арга хэмжээ ховор. Танхим илүү практик, бодит хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай.
-Ер нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тал дээр танхимын үүрэг хангалттай байж чадаж байна уу?
-Энэ тал дээр ч гэсэн танхимын үүрэг хангалттай биелэгдэхгүй байна гэж үздэг. Бизнесийн орчныг сайжруулахад төр, хувийн хэвшил хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Гэтэл танхимын санаачилга, зохион байгуулдаг уулзалт, зөвлөгөөнүүд ихэвчлэн урьдчилан бэлтгэсэн төдий өнгөрөх хандлагатай байдаг. Мөн төрд бизнес эрхлэгчдийн бодит асуудлыг хүргэх, шийдэл гаргуулах тал дээр танхимын нөлөөлөх чадвар сул байна. Тухайлбал, бизнесийн орчныг сайжруулах хууль, тогтоомж гаргахдаа танхимыг төдийлөн анхаарч үздэггүй. Үүнээс үүдэн, бизнесийн салбарынхан хүнд сурталтай хэвээр тулгарч, бодит үр дүнгүй үйл явц үргэлжилж байна.
-Судлаачийн хувьд та ирээдүйд энэ байгууллагыг ямар чиглэлд илүү анхаарах ёстой гэж үзэж байна вэ?
-МҮХАҮТ цаашид хэд, хэдэн чиглэлд илүү анхаарах шаардлагатай. Нэн түрүүнд гишүүнчлэлийн оролцоо чухал. Гишүүдийн санал, хэрэгцээг илүү өргөн хүрээнд сонсож, тэдний хэрэгцээнд тулгуурласан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, экспортын стратегит анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болгох оновчтой стратеги боловсруулахыг хэлж байгаа юм. Гуравдугаарт, орон нутгийн бизнесийг дэмжмээр байна. Зөвхөн нийслэлд төвлөрөлгүй, орон нутагт ч бас бизнес эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байх хэрэгтэй. Дараагаар нь цахим шилжилтийн өнөө үед бизнес эрхлэгчдийг дижитал платформ ашиглах, шинэ технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсээд байна. Эцэст нь мэдээж, ил тод, хариуцлагатай байдлыг чухалчлах ёстой. Энэ хүрээнд танхимын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх боломжийг гишүүддээ нээлттэй болгох замаар үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй. МҮХАҮТ бодлогоо илүү нарийн төлөвлөж, гишүүн байгууллагуудынхаа бодит хэрэгцээг хангаж чадвал Монголын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.
-Дэлхийн улс орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын сайн туршлагуудаас сонирхуулахгүй юу?
-Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын үйл ажиллагаа болон бүтцийг сайжруулахад анхаарах олон сайн жишээ дэлхий даяар бий. Эдгээр танхимууд нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, экспортыг дэмжих зэрэг чиглэлээр амжилттай ажиллаж буйгаа харуулдаг. АНУ-ын Худалдааны танхим гэхэд л дэлхийн хамгийн том бизнесийн холбоо болж чадсан. Нийт гурван сая гаруй бизнесийн гишүүнтэй. Тус танхим төрийн бодлого боловсруулах үйл явцад бизнесийн оролцоог идэвхтэй дэмждэг. Сайн жишээ нь бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч, судалгаа шинжилгээнд үндэслэн бодлогын зөвлөмж боловсруулдаг. Мөн АНУ-ын жижиг бизнесүүдэд зориулсан цахим худалдааны платформ хөгжүүлэлт болон кибер аюулгүй байдлын сургалтуудыг тогтмол явуулж ирсэн. Улмаар олон улсын хамтын ажиллагааны хүрээнд экспортын бизнес эрхлэгчдэд зориулсан гадаадын зах зээл судлах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр тусгай зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг байх жишээтэй. Тэгвэл Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гол онцлог нь орон даяар 79 салбартай. Мэдээж экспортын бизнесээ дэмжихэд онцгой анхаардаг. Түүнчлэн Германы аж үйлдвэрлэл болон инновацын бодлогыг олон улсын түвшинд уялдуулан хөгжүүлдэг. Хамгийн чухал нь хөгжлийн төвүүдээрээ дамжуулж жижиг, дунд бизнесүүдэд зориулсан технологи, инновацын төвүүдийг байгуулсан. Эдгээ нь үйлдвэрлэлийн автоматжуулалт болон экспортын стандарт хангуулахад тусалдаг юм билээ. Мөн Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн танхим байна. Сингапурын танхим жижиг орны онцлогт тохирсон олон улсын худалдаа, логистикийн сүлжээг хөгжүүлж, бизнесүүдээ дэлхийн түвшинд хүргэхэд түлхүү анхаардаг. Бизнес эрхлэгчдэд АСЕАН-ийн зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлдэг тусгай хөтөлбөрүүдтэй. Жижиг бизнесүүдийг дижитал шилжилт хийхэд чиглэсэн санхүүжилт, технологийн зөвлөгөө үзүүлж, олон улсын зах зээлд таниулахад нь тусалдаг гэсэн үг. Энэ мэтчилэн олон улсын сайн туршлагуудыг бид нутагшуулж чадвал Монголын бизнесийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж чадна.