Олон зүйлийн нөлөөгөөр гурил хомсоджээ


Өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн хот, хөдөөгүй дээд гурил хомсоджээ. Иргэд дээд гурил нэг их хэрэглэхээ больсон тул энэ нь зах зээлд нэг их нөлөөлсөнгүй. Гэхдээ бууз, банш, мантуу хийх гэсэн хүмүүс л багахан хэмжээний дээд гурил сураглаад, олоогүй байна.

Гадаадаас оруулж ирэх гурилын гаалийн татварыг өнгөрсөн 5 дугаар сард Засгийн газар тэглэсэн. Тус шийдвэр нэг талдаа ард иргэдээ хямд гурилаар хангах зорилттой нийцэж байгаа ч газар тариалан эрхлэгчдэд санхүүгийн эрсдэл үүсэх магадлал бий болгосон. Үүнтэй холбоотойгоор тариаланчид өнгөрсөн хавар тарих үр тарианыхаа тодорхой хувийг багасгажээ. Энэ нь одоо гурил хомсдоход нөлөөлж байна.

Учир нь ОХУ-аас үнэ хямд орос гурил оруулж ирж байгаа ч худалдан авагчид чанар муутай гэж голоод авахгүй байна. Тиймээс дотоодын үйлдвэрийн гурилын хэрэгцээ багассангүй.

Дээд гурилын хэрэглээ Цагаан сар дөхөхөөр огцом өсөж, бусад үед эрэлт буурдаг. Харин үйлдвэрт тээрэмдэж буй буудайнаас гарах дээд гурилын гарц тогтмол байдаг ажээ. Тиймээс өвлийн улиралд дээд гурил эрэлттэй бараа болж, бусад улиралд зарагдахгүй, агуулах, лангуун дээр илүүдэл болдог байна. Ингэж илүүдэл болдог үедээ дээд гурил тасарчээ.
Энэ талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Дархан-Уул аймгийн иргэн Х.Болормаа:

-Дарханд 10 дугаар сард дээд гурил тасарсан. 11 дүгээр сарын эхээр зах дээр зөвхөн “Улаанбаатар гурил”-ын 1 кг-аар савласан, цаасан ууттай дээд гурил ганцхан чингэлэгт байсан. 5, 10, 25 кг-аар савласан дээд гурил ирээгүй. Бусад бүх үйлдвэрийн дээд гурил тасарсан хэвээрээ байсан.
Түүнээс хойш дахиж дээд гурил асуугаагүй. Одоо ирсэн эсэхийг мэдэхгүй.

Иргэн Б.Солонго:

-Жил болгон гурил тасалддаг. Төр, засаг энэ асуудлаа үйлдвэрүүдтэйгээ хамтарч шийдэх хэрэгтэй. Гурил бол бидний өдөр тутмын хэрэглээ. Зарим айл долоо хоногт 3-4 удаа гурил хэрэглэдэг байх. Ийм учраас гурил тасалдаад эхлэхээр хэцүү байна. Манай хажуугийн дэлгүүрт ойрын нэг сар “Улаанбаатар гурил” ирээгүй. Харин 11 сар гарснаас хойш ирсэн байна лээ. Орос гурил нялцайгаад, ус даадаггүй учраас аль болох авахгүйг хичээдэг. Угаасаа мөнгө төлж авч байгаагаас хойш сайн гурилаар хоолоо хиймээр байна.

“Алтан тариа” ХХК-ийн захирлын туслах О.Мөнхсайхан:

-9 дүгээр сарын сүүлчээр ургац хураалтаас болж, гурил хэсэг тасалдсан. Одоо хэвийн үйл ажиллагаандаа орж, бүх газарт “Алтан тариа” гурил хүртээмжтэй зарагдаж байгаа. Мөн Цагаан сар, баяр ёслолын үеэр гурил тасалдах эрсдэл энэ жил гарахгүй байх.

“Улаанбаатар гурил” ХХК-ийн дэд захирал Э.Золбоо:

-10 дугаар сард гурил бага хэмжээгээр хомсодсон. Энэ нь үйлдвэр дээр цахилгааны гэмтэл гарч, үйлдвэр хэд хоног зогссонтой холбоотой. Одоо үйлдвэрлэл хэвийн болсон. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, гурилаа хэвийн нийлүүлж байна.

Улсын хэмжээнд тариаланчид өнөө жил 220.000 тонн улаанбуудай хурааж авлаа. Өмнөх 2023 онтой харьцуулбал тариалалт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан. Гадаадаас оруулж ирэх гурилын гаалийн татварыг тэглэсэнтэй холбоотойгоор дотоодын тариаланчид тарих буудайн хэмжээгээ өмнөх оныхоос 30% орчим хувь бууруулсан. Цаашид ийм байдлаар дотоодын тариалалт буурах эрсдэл байгаа. Энэ хэмжээгээр гурилын үйлдвэрлэл буурах эрсдэл ч үүсэж магадгүй. Импортын гурилд ногдуулах гаалийн татварыг тэглэсэн нь газар тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгчдэд тодорхойгүй байдал үүсгэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *