Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа III улирлын байдлаар 19.6 сая тонн бүтээгдэхүүнийг нийт 7.4 их наяд төгрөгөөр арилжсаныг Санхүүгийн зохицуулах хороо тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлт болж байна. Нийт арилжааны 93.7 хувийг нүүрс, 5.7 хувийг төмрийн хүдэр баяжмал, үлдсэн хувийг зэсийн баяжмал, хайлуур жонш эзэлж байна.
Тайлант хугацаанд нийт 247 удаагийн дуудлага худалдаагаар 6.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан нь өмнөх улирлын дүнгээс 18.9 хувиар өссөн. Дуудлага худалдааны үнийн өсөлтийн дундаж 9.6 хувьтай байна.
Энэ оны IV сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг биржээр арилжиж эхэлсэн. III улирлын байдлаар нийт 6 мянган тонн 22.35 хувийн зэсийн агууламжтай баяжмалыг 40.5 тэрбум төгрөгөөр худалдсан байгаа нь өмнөх улирлаасаа нэмэгдээгүй дүн юм. Өөрөөр хэлбэл III улиралд зэсийн баяжмал биржээр арилжаалаагүй.
Монголын хөрөнгийн бирж ХК III улирлын байдлаар 28 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаа мэдээлсэн. Уул уурхайн биржээр арилжиж буй бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлснийг Монголын хөрөнгийн биржийн зүгээс онцолж байсан юм.