Шатрын ертөнц шинэ аваргатай болох уу?


Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд Сингапурын Сентоза арал дээр эхэлж байна.

Арванхоёрдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжлэх шатрын дэлхийн аварга цолын төлөөх энэ тэмцээнд  БНХАУ-ын шатарчин, Их мастер, дэлхийн аварга Дин Ли-Рэнь болон Энэтхэгийн шатарчин, Их мастер Доммаражу Гукеш нар “уулгүй талд, цусгүй тулаан” хийх юм.

Тэд сонгодог шатраар 14 өрөг ( эхний  40 нүүдэл 120 минут, дараа нь 30 минут . 41 дэх нүүдлээс нүүдэл бүрт + 30 секунд) тоглох бөгөөд 7,5 оноо авсан нь ялагч болох бөгөөд хэрэв 14 өргийн дараа оноо тэнцвэл тай-брэйкээр ( рапид болон блиц) ялагчийг тодруулах журамтай.

Шагналын сан нь 2,5 сая ам. доллар бөгөөд хожил бүрт 200 000 ам.доллар өгч, үлдсэн шагналын санг хоёр шатарчинд тэнцүү хуваан олгох ажээ. Харин тай-брэйкээр аварга тодорсон тохиолдолд ялагч 1,3 сая, ялагдсан нь 1,2 саяыг авах юм.

ХЭН НЬ ХЭН БЭ?

ДИН ЛИ-РЭНЬ:

Эмч аав, сувилагч ээжийн ганц хүү Дин Лижэнь дөрвөн настайдаа анх шатар сурсан гэдэг. БНХАУ-ын аваргаар 3 удаа ( 2009, 2011, 2012 онд) тодорч байсан. 2017-2018 онд Дин Ли-Рэнь сонгодог шатраар 100 өрөг дараалан (29 хожил, 71 хайнаа) хожигдолгүй нүүж, дэлхийн рекорд тогтоож байв.

Мөн 2019 онд Grand Chess tour, Sinquefield Cup тэмцээнд түрүүлсэн.

Эдүгээ 32 настай Дин Ли-Рэнь 2023 оны шатрын дэлхийн аваргын төлөө тоглох эрхийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байв. Шатрын дэлхийн аварга, Их мастер Норвегийн Магнус Карлсен цолоо хамгаалах тэмцээнд оролцохоос татгалзсан тул эрхийн төлөө тэмцээнд эхний хоёр байр эзэлсэн шатарчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөх болсноор Дин Ли-Рэнь  ОХУ-ын шатарчин , Их мастер Ян Непомнящийтай нүүх боломжтой болсон юм. Ингээд хоёр шатарчин 14 өргийн дараа тэнцүү долоо, долоон ( тус бүр гурав гурав хожиж, 8 өрөгт хайнцсан) оноотой болж, тай -брэйкээр 4 өрөг ( рапид) тоглоход эхний гурван өрөгт хайнцаад дөрөв дэх өрөгт хятад шатарчин хожил авснаар нийтдээ 9,5-8,5 оноогоор ялсан Дин Ли-Рэнь шатрын 17 дахь дэлхийн аварга болсон билээ.

ДОММАРАЖУ ГУКЕШ:

2006 онд Энэтхэгийн Ченнайд төрсөн, эдүгээ 18 настай. Аав нь эмч, ээж нь микробиологич . Гукеш 7 настайдаа шатар сурчээ.

12 нас, 7 сартайдаа Шатрын Их мастер цолыг хүртэж (тухайн үедээ хамгийн залуудаа Их мастер болсон хоёр дахь, одоо гурав дахь шатарчин) байв.

2022 онд Шатрын олимпиадад хувийн дүнгээр алт( 1 дүгээр ширээ), багийн дүнгээр ( Энэтхэг-2) хүрэл медаль хүртсэн. 2023 оны наймдугаар сард ФИДЕ чансаагаар 2750 оноотой болж, ийм оноонд хамгийн залуудаа хүрсэн шатарчин болж байв.

2024 оны Шатрын олимпиадад хувийн ( 1 дүгээр ширээ) болон багийн дүнгээр хос алтан медаль хүртсэн.

Хэн нь ялах вэ?

Шатрын ертөнцийнхөн ( мэргэжилтнүүд, шатарчид ) ерөнхийдөө олонхи нь Гукешийг ялна гэж таамаглал дэвшүүлж байгаа.

Учир нь Дин Ли-Рэнь дэлхийн аварга болсноосоо хойш маш муу нүүж байгаа, нэг ёсондоо ямар ч формгүй гэсэн үг. 2024 он гараад Вэйк-ан-Зеегийн тэмцээнд 9 дүгээр байр эзэлсэн (2 хожил, 3 хожигдол, 8 хайнаа) бол хоёрдугаар сард Weissenhaus Challenge тэмцээнд бараг бүх өрөгтөө хожигдож, ердөө 0,5 оноо авсан. Дараа нь 5 дугаар сард Ставангерийн тэмцээнд мөн нэг ч хожилгүй ” хомоол хамав”.  Өнгөрөгч есдүгээр сард болсон Шатрын олимпиадад Дин Ли-Рэнь найман тойрог тоглохдоо нэг ч хожил авсангүй. Сэтгэл зүйн асар их дарамтад орсон, стрессийн эм хэрэглэж байгаа гэдгээ ч Дин Ли-Рэнь өөрөө хэлсэн.  Дэлхийн аваргын титмээ хамгаалах тулаанд өрсөлдөгчөө ялах магадлал тун бага хэмээн Дин Ли-Рэнь өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа.

Хэдий байдал ийм ч дэлхийн аварга Дин Ли-Рэнь залуу Их мастер Гукештай гурван удаа шатрын хөлгийн ард халз суухдаа хоёр хожиж, нэг тэнцсэн статистиктай ажээ.

Харин өөрийг нь фаворит буюу ялах магадлал тун өндөр гэдэгтэй Гукеш санал нийлэхгүй, даруухан байгаа. Тэрбээр “Би ерөнхийдөө элдэв прогноз, таамаглал, хэн нэг нь хэт давуу байдалтай гэдэгтэй санал нийлдэггүй. Харин өдөр бүр өөрийгөө дайчлан эцсийн дүнд ялахыг зорьж байна” гэжээ.

Гукеш энэ жил Дэлхийн аваргын төлөөх өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд болон Шатрын олимпиадад түрүүлээд буй. Эцэст нь өгүүлэхэд Шатрын дэлхийн аваргын титмийн төлөө түүхэндээ анх удаа Ази тивийн хоёр шатарчин өрсөлдөж буй нь энэ билээ.

Ц.Энхтүвшин “Таван цагариг сонин”


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *