Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн COP29 бага хурлын төгсгөлд дэлхийн хөрөнгөтөн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд нь зориулж хөгжиж буй улс орнуудад жил бүр 300 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх амлалтыг өгснөөр чуулганы арга хэмжээ өндөрлөлөө.
Энэхүү тохиролцоонд хүрэх хурлын үйл явц 33 цаг үргэлжиж, яриа хэлэлцээ нурахын даваан дээр тохиролцоонд хүрсэн байна. Жишээ нь 250 тэрбум ам.долларыг санал болгох үед Жижиг арал улсуудын эвслийн төлөөлөгч нар хурлын танхимыг орхиж гарсан ажээ. Хурлын төгсгөлд дээрх дэмжлэг туслалцааны шинэ гэрээг байгуулсан явдлыг хуралд оролцогч нар босч, алга ташин хүлээн авсан бол Энэтхэг, Швейцарь, Мальдивын арлууд, Канад, Австрали зэрэг зарим улс орнууд шүүмжилж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Дэлхийн томоохон эдийн засагтай улс орнууд аж үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр явуулснаараа уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байгаа учраас энэхүү үзэгдлийн гол хохирогч болж байгаа буурай хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудад “нөхөн олговор” хэлбэрээр ийнхүү хөрөнгө, санхүүгийн дэмжлэг олгодог бөгөөд өмнөх тусламжийн хэмжээ 100 тэрбум ам.доллар (2025 оныг дуустал олгох гэрээтэй) байсан юм.
COP29 бага хурлын ерөнхийлөгч Мухтар Бабаевын танилцуулсан шийдвэр, тохиролцооны дагуу хөрөнгөтөн орнууд 2026-2035 он хүртэл хөгжиж буй улс орнуудад жил бүр 300 тэрбум ам.долларын санхүүжилтийг уур амьсгалын эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж олгохоор болж байна.
“Үнэхээр хүнд хэцүү үйл явц байсан ч бид тохиролцоонд хүрч, гэрээг байгуулж чадлаа” хэмээн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн байгууллагын тэргүүн Саймон Штилль хурлын шийдвэрийг сайшаан хэлсэн байна. Гэхдээ өнгөрсөн жил батлагдсан малтмал түлшнээс үе шаттайгаар татгалзах шилжилтийн асуудлын тухай яриа хэлэлцээ энэ удаад амжилттай явагдаагүй бөгөөд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй асуудлуудыг ирэх онд зохиогдох чуулганаар ярилцахаар хойшлуулжээ.
Өмнөхөөсөө 3 дахин нэмэгдсэн санхүүгийн тусламжийг уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдэлтэй үер, ган гачиг зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэн, гарз хохирол амсч байгаа хөгжиж буй улс орнуудад малтмал түлшний хэрэглээ болон үйлдвэрлэлээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл/хэрэглээнд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор засгийн газрын буцалтгүй зээл, тэтгэлэг хэлбэрээр болон хувийн секторын банк зэрэг байгууллагуудаар дамжуулан олгогдох юм. Хариуд нь ЕХ, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй хандивлагч улс орнууд хөгжиж буй улс орнуудыг малтмал түлшний хэрэглээгээ мэдэгдэхүйц бууруулах хүсэлт, шаардлагыг тавьж байгаа билээ.
2024 он хараахан дуусаагүй байгаа хэдий ч энэ жил дэлхийн хамгийн халуун жил болно гэдгийг судлаач, мэргэжилтнүүд үндсэндээ тогтоочихоод байгаа юм. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг худал, хуурмаг зүйл гэж үздэг Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод байгаа нь ойрын 4 жилдээ АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх олон улсын үйл ажиллагаанд оролцохгүй болов уу гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улс оролцохгүй бол амласан тусламжийн 300 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгоход хүндрэл учирч болзошгүй юм.
Ийнхүү Азербайжан улсын даргалан явуулсан COP29 бага хурал “нөхөн олговрын” хэмжээг нэмэгдүүлсэн үр дүнтэйгээр өндөрлөсөн бол 2025 оны COP30 бага хурлыг Бразилын Белем хотод зохион байгуулахаар сонголоо. Үүний учир нь Амазоны ой шугуйгаас үлэмж их хэмжээгээр мод бэлтгэж, модны тоо хэмжээ буурч байгаагийн эсрэг олон улсын анхаарлыг хандуулахад оршиж байгаа ажээ.