Битүү шөл


Улс тунхагласны ой бол баяр юм гэдгийг битүү шөл л бидэнд ойлгууллаа. Амралтын өдөр л гэж ойлгодог байснаас биш, баяр гэж бодож явсангүй, үнэндээ  энэ өдрийг. Жил бүрийн мал тооллого эхлэхээс 4 хоногийн өмнө Улс тунхагласны ой тохионо. Монголчуудын олонх нь энэ өдөр идшээ хийчихсэн, хийж таардаг учир гол хоол нь чанасан мах. Идшээ хийгээгүй нь банштай цай, цуйван гээд юу дуртайгаа хийнэ.  

Бөхийн өргөөнд 128 бөх барилдаж, эрчүүд зурагтаар түүнийг үзээд суучихна. Бусад нь гар утсаа шагайн, орчлонгийн элдэв сониныг гарчиглана. Улс тунхагласны баярын өдрийн дүр зураг нэг иймэрхүү.

Харин өнөөдөр монгол даяараа битүү шөл хийх нь ээ. Хүүхдүүд гэрийн даалгавраа хийхгүй бол багш шалгаж таарна. Битүү шөл хийхдээ гар утсаараа бичин авч, багшдаа шалгуулж таарна. Ингээд Монгол даяараа битүү шөл хүссэн ч, эс хүссэн ч хийнэ. Хийсэн юм чинь иднэ.

УИХ өөрөө ойлгомжгүй, битүү хууль гаргадаг. Түүнийг нь хэрэгжүүлж ч болдоггүй, хэрэгжүүлэхгүй байж ч болдоггүй. Хамгийн сүүлд баталсан хуулийг нь хар л даа.

Энэ даалгаврыг орон даяар шүүмжилж, янз бүрээр баалж байна. Ядахад, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргад хаягласан албан бичигтээ “нарийн” гэдэг үгийг гээж, “Боловсролын яамны төрийн бичгийн дарга Х.Батжаргал танаа” гэж алдаатай бичсэн нь уншихад эвгүй гэдэг нь.

Гол нь УИХ-ын Тамгын газраас Боловсролын яаманд албан бичиг илгээж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 11 дүгээр сарын 26-нд битүү шөл хийж идэх гэрийн даалгавар өгөхийг хүссэнд олон нийт эгдүүцэв. Энэ нь ч аргагүй. Хууль тогтоох засаглалын гал тогооноос битүү шөл хийхийг сурагчдад уриалсан нь хийхээ олж ядсан ажил мөн л дөө. “Битүү шөл” нэртэй реклам ч хийлгээд амжиж. УИХ өөрөө ойлгомжгүй, битүү хууль гаргадаг. Түүнийг нь хэрэгжүүлж ч болдоггүй, хэрэгжүүлэхгүй байж ч болдоггүй. Хамгийн сүүлд баталсан хуулийг нь хар л даа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль гэж хэрэгжүүлэхийн аргагүй юм баталчихсан. Түүнд нь Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьчихсан. Хоригийг нь УИХ хүлээн авч, алдаагаа засах гээд ядаж байна. Ийм л байгууллагын Тамгын газар ард түмэнд идэх хоолыг нь зааж, хийх ажилгүйгээ нотлов. Тэгэхээр ард түмэн шүүмжлэхээс ч яах билээ.

Одоо гэрэлтэй талаас нь харъя. 11 дүгээр сарын 26 уг нь Улс тунхагласны баяр гэдэг албан ёсны нэртэй өдөр. Гэвч бид баяр гэдгийг нь ойлголгүй 100 жил болчхож. Монгол Улсын тусгаар тогтнолыг Дэлхий нийтэд зарлан тунхагласан, анхны Үндсэн хуулиа баталсан өдөр учир бүх нийтээрээ баярлах учиртай гэж үзээд, амралтын өдөр болгож, 128 бөх барилдуулдаг ч ард түмний сэтгэхүйд баяр гэсэн ойлголт яагаад ч юм бэ суусангүй. Суусан бол эмээ өвөө, ээж аав нар маань энэ өдрийг Цагаан сар шиг биш юм гэхэд, ядаж Үндэсний их баяр наадам шиг тэмдэглэх байлаа. Гэвч тэгээгүй. Тэгэхээр тэд өөрсдөө энэ өдрийг баяр гэж ойлголгүй 100 жил явж ирсэн байгаа юм.

УИХ-ын Тамгын газраас ийм хачин, байж боломгүй уриалга гаргасан тулдаа бид Улс тунхагласны баярын нэрийн хоолтой болж, баярын ширээ засах учиртайг ухаарав шүү дээ.

Анхны Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн босгон дээрээ л битүү шөлний ачаар үүнийг баяр гэдгийг ойлгож байна бус уу. Хэрвээ УИХ-ын Тамгын газар биш, Тогооч нарын холбоо ч юм уу, Хүнсчидийн холбоо ч байна уу нэг төрийн бус байгууллага “Улс тунхагласны баярын ширээний гол хоолоор битүү шөлийг сонголоо” гэж зарласан бол хэн ч тоохгүй байх байлаа. Тэдний уриалга ч нэг их газар авахгүй. Тэр талаар хэн ч ярихгүй. УИХ-ын Тамгын газраас ийм хачин, байж боломгүй уриалга гаргасан тулдаа бид Улс тунхагласны баярын нэрийн хоолтой болж, баярын ширээ засах учиртайг ухаарав шүү дээ.

Тусгайлан ширээ засаж, нэрийн хоол хийж өгч, хэлийг нь баясган, историдоо оруулах зураг авах боломж олгохгүй бол орчин цагийн залуус баярыг баяр гэж ойлгохоо байчихсан. Томчууд бид ч тэгдэг. Наадмаар цөөхүүлээ бол хуушуур хийж, олуулаа бол хорхог хийж, Цагаан сараар ууц чанаж, бууз жигнэн, хэвийн боовоор идээ засахгүй бол бид түүнийг баяр гэж бодохгүй л байсан биз.

УИХ-ын Тамгын газар зорилгодоо хүрлээ. Улс тунхагласны баярын утга учрыг битүү шөлний дуулианаар залуус, хүүхдүүд ойлголоо. Тэгээд л боллоо.   

Нэрийн хоолтой баярыг л бид баяр гэж тоодог юм чинь зөвхөн Улс тунхагласны баяр гэлтгүй бүх баяраа нэрийн монгол хоолтой болгочихвол яасан юм, энэ дуулианыг ашиглаад.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *