“Буруу ишилсэн сүх шиг” жолооч нар анхаараарай!


Улаанбаатар хотод ялимгүй цас орж явган зорчигч нар халтирч унаж, жолооч нар гулгаж мөргөлддөг өдрүүд эхэллээ. Өнөөдөр л гэхэд Улаанбаатар хотын бүх гудамж, талбай гулгаатай байлаа. Явган ч бай, машинтай ч бай болгоомжтой явахгүй бол гулгаж, машины араас орох эсвэл халтирч унаж хөл, гараа гэмтээх эрсдэл ойрхон байна.

Энэ сарын 25-26-ны өдрүүдэд зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн ГССҮТ-д хүргэгджээ. Үүний 7 нь хүүхэд байна. Гэмтэж бэртэх шалтгааны дийлэнх хувийг мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлсэн байна. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл багтаж байгаа аж.

Иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, арагш хүчтэй савж унах зэргээс үүдэлтэй бэртэл гэмтэлд илүү өртөж байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулав.

Халтирдаггүй ултай буюу зөөлөн ултай гутал өмсөх

Малгай, бээлий өмсөх

Гараа халаасандаа хийхгүй явах

Явган зорчих хэсгийн зам талбайд гялгар гадаргуутай хавтан, хатуурч хөлдсөн цас, мөс тогтсон байгаа эсэхийг анзаарах

Авто замаас зайтай зорчих, явган хүний гарцаар гарахдаа гүйх, халтирч унах, хурдтай яваа автомашинаас болгоомжлох

Бага насны хүүхэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг ГССҮТ-өөс анхаарууллаа. 

Тэгвэл тээврийн хэрэгслийн жолооч нарт дараах зөвлөмжийг АТҮТ-өөс захив.

Цас орсны дараа халтиргаатай замд өмнө байгаа авто машинаас энгийн үеийнхээс гурав дахин хол зай барьж явах

Өгсүүр болон уруу газруудад хүнд араагаар явах

Халтирахаас сэргийлэх үүднээс зөөлөн тоормослохыг албаныхан анхааруулав. Товчхондоо цас орсны дараа болгоомжтой явахыг сануулж байгаа хэрэг. Гэхдээ жолооч нар ийм санамж, зөвлөмжийг дагадаггүй нь харамсалтай.

Жишээ нь гулгаатай үед өмнө яваа машиныг мөргөхгүйн тулд эрсдэлээ бодож, урд яваа жолоочоос зай барьж явдаг. Гэтэл Улаанбаатарын дийлэнх жолооч нар түгжрэлээс хурдан гарахын тулд багахан зай гарахад авто машиныхаа хамраар чихэж ордог буруу зантай. Уг нь “Урдуур битгий ороорой. Гулгах эрсдэлтэй шүү” гэдгийг сануулж, урдаа зайтай явдаг. Тэд гүйцэж түрүүлээд эсвэл хажуугаар дайраад ор гэж зай үлдээдэггүй. Гэвч бодит байдал дээр “Буруу ишилсэн сүх шиг” зөрүүд явдаг жолооч нар олон доо. Тэдгээр жолооч нар цас орсны дараа анхаараарай!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *