Эдийн засгийг 2 дахин тэлэхийн тулд нүүрс олборлогч компаниудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийднэ


УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг нар ГЕГ, ХХЕГ, ЗТЯ, “Тавантолгой төмөр зам” компанийн төлөөллийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаа.

Гашуунсухайт-Ганцмодны боомтыг төмөр замаар холбох гэрээний хүрээнд боомт, төмөр зам, нүүрс олборлогч нарын хамтын ажиллагаа тун чухал үүрэгтэй. Тодруулбал, БНХАУ-ын “Чайна Энержи” компанид тогтвортойгоор нүүрс нийлүүлэх ёстой. Ингэхийн тулд боомтын нэвтрүүлэх хүчин чадал нь авто болон төмөр замаар нүүрс нийлүүлэх компаниудын хэрэгцээг хангах шаардлагатай. Нөгөө талаар Засгийн газар БНХАУ-руу нүүрс нийлүүлэх үүргээ биелүүлэхэд нүүрс олборлогч төр болон хувийн компаниуд хүчин чадлаа нэмэгдүүлж, ирэх оны төлөвлөгөөгөө өсгөх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга хэллээ.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьд энэ онд 30 сая тоннын нүүрс олборлосон. Ирэх жилд энэ хэмжээндээ барих төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн 35 сая тонн нүүрс олборлох хоёрдох нөөц төлөвлөгөө боловсруулаад байгаа тухай мэдээлж байна.

УИХ-ын гишүүдийн хувьд тус компанийг олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргах нь зүйтэй гэдэг чиглэл өгчээ. Мөн 2025 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 ам.долларт хүргэж эдийн засгийг хоёр дахин тэлэхэд нүүрс олборлогч компаниуд чухал гэдгйиг онцолоо. Ийм зорилтод хүрэхийн тулд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Нүүрс олборлох хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай асуудлыг шийдэж хөрөнгө оруулалтыг хийж, бодлогоор дэмжихээ илэрхийллээ”.

Эрдэнэс Тавантолгой компанийн тухайд нүүрсний экпортын 60 орчим хувийг эзэлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *