Өмнөд Солонгосын алдарт реппер Psy-ийн орон сууцны битүүмжлэлийг цуцлажээ


“Gangnam Style” дэлхийг шуугиулж байсан Өмнөд Солонгосын алдарт реппер Psy-ийн Сөүл хот дахь тансаг зэрэглэлийн орон сууцыг нь дүүргийн газрын албанаас түр хугацаагаар битүүмжлэх арга хэмжээг аваад байснаа цуцласан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Biz Hankook сайтын мэдээлснээр 46 настай дуучны Ёнсан дүүрэг дэх тансаг зэрэглэлийн орон сууцыг нь дүүргийн газрын алба, мэргэжлийн хяналт гэх зэрэг холбогдох газруудад мэдэгдэлгүй, хууль бусаар дур мэдэн өөрчлөлт оруулж, засвар хийсэнтэй холбоотойгоор түр хугацаанд битүүмжилсэн байжээ.

Дүүргийн албанаас дуучинд нэг бол орон сууцаа хуучин хэвэнд нь оруулах, үгүй бол торгууль төлөх болно гэсэн анхааруулгыг удаа дараа өгсөн ч тэрээр нэг жил гаруй хугацаанд аль ч шаардлагыг биелүүлээгүй тул ийнхүү орон сууцыг нь битүүмжлэхээс өөр аргагүй байдалд хүрч, өнгөрсөн 5 сард битүүмжилсэн байна.

Тухайн орон сууцанд дуучны гэр бүлийнхэн амьдарч байгаад 2020 онд нүүж, бусдад түрээслүүлэх болжээ. Улмаар дуучны харьяалагддаг P Nation агентлагийн зүгээс мэдэгдсэнээр Psy 10 сараас эхлэн торгуулиудаа төлж барагдуулснаар түүний орон сууцны битүүмжлэлийг цуцласан байна. Түүнчлэн орон сууцны барилгад хууль бус засвар өөрчлөлт хийсэн явдал нь барилгын компанитай холбоотой бөгөөд засвар өөрчлөлт хийснийг нь дүүргээс мэдэгдэх хуудас авах хүртлээ огт мэдээгүй байсан гэжээ. Мөн барилгад хийсэн засвар өөрчлөлтийг буцааж хуучин хэвэнд нь оруулах тал дээр Ёнсан дүүргийн албатай хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *