Нийслэлийн Засаг даргын тамгын газар 2025 оны нийслэлийн төсвийн төслийг энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан. Хотын парламент төсвийн төслийг арванхоёрдугаар сарын 5-ний дотор эцэслэн батлах хуулийн хугацаатай. Харин нийслэлийн төсвийг хэлэлцэхтэй зэрэгцэн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, Автозам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай төслүүдийг хамтатган өргөн мэдүүлсэн байна. Энэ төслийг эцэслэн баталбал тээврийн хэрэгслийн албан татвар гурав дахин, автозам ашигласны албан татвар тав дахин нэмэгдэх юм.
Илүү тодорхой тайлбарлавал Монголчуудын илүү өргөн хэрэглэдэг Тоёота приус маркийн автомашинд 36 мянган төгрөгийн албан татвар ногдуулдаг байсан бол 2025 оноос приус машинтай иргэд 108 мянган төгрөгийг татварт өгөх нь байна.
Мөн 3500 хөдөлгүүрийн багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 40 мянган төгрөгийн зам ашигласны төлбөр төлдөг байсан бол энэ төлбөр тав дахин нэмэгдэж 200 мянган төгрөг болж байна. Өөрөөрхэлбэл автомашинтай иргэдийн өрхийн төсөв ирэх жил ингэж нэмэгдэх нь байна. Хотын даргын түгжрэл бууруулах ажлын хүрээнд авч буй давс мэт шорвог шийдвэрүүд ийнхүү эхнээсээ хэрэгжиж эхлэх нь бололтой. Автомашиныхаа татварыг төлж чадахгүй бол алхах бас автобусанд суух сонголтыг иргэдэд өгөх нь дамжиггүй.