НБА-ийн бүжигчид, шал арчигч, ус зөөгчид ямар цалинтай вэ?


Мэргэжлийн спортын дэлхийн хамгийн том, хамгийн баян холбооны тоонд НБА ( NBA-National Basketball Association) буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбоо зүй ёсоор орно. НБА-ийн багуудын үнэлгээ хэдэн тэрбум доллароор яригдаж, сагсанбөмбөгийн супер одууд хэдэн арван сая долларын цалинг жилдээ авдгийг бүгд гадарлах байх.

Ганцхан жишээ хэлэхэд л сагсанбөмбөгийн хамгийн үнэтэй баг болох “Голден стэйт уорриорз” -ийн зах зээлийн ханш 7,7 тэрбум ам. доллар бөгөөд (Дэлхийн хамгийн үнэтэй багийн жагсаалтын гуравт, НБА-д нэгт бичигддэг) тус багийн од Стефен Көрри жилдээ 55,8 сая долларын цалинтай.

НБА-ийн дасгалжуулагч, тоглогчдын цалин мэдээж сая саяар яригдана. Тэгвэл та бүхэнд зарим “арын албаны” ажилчдын цалинг сонирхуулъя.

Мэдээж НБА-ийн баг бүрт бүжгийн хамтлаг байдаг. Тэд тоглолтын эхэнд болон завсарлагаанаар үзэгчдийг хөгжөөх үзүүлбэрийг үзүүлдэг. Бүжигчин охид дунджаар жилдээ 35,000 ам.долларын цалин авдаг. Жишээ нь “Голден стэйт уорриорз”-ийн бүжигчид нэг тоглолтод 550$ , шагналд 1000$, жилийн дундаж цалин нь 30,000 ам.доллар бөгөөд үүнээс өндөр цалин олгодог багууд ч бий.

НБА-ийн бүжгийн багийн гишүүн болох шалгуур бас бий. Бүжгийн ямар нэг анги, курс төгссөн байх, зар сурталчилгаа болон багаас зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох гэх мэт.

Бүтэн цагийн ажилд тооцогддоггүй тул бусад цагаараа бүжигчид өөр орлого нэмж олох нь чөлөөтэй.

Мөн тоглолтын явцад талбайг цэвэрхэн байлгах үүрэгтэй, тамирчдын хөлс болон бусад шингэн зүйл дуссан, асгарсан үед шалны алчуур бариад л гялс манас гээд шал арчдаг залуусыг тоглолтын явцад бишгүйдээ харсан байх. Тэднийг mop boys гэх бөгөөд ийм ажилтай (зөвхөн тоглолтын үеэр ч бус бусад үед ч цэвэрлэгээний болон бусад ажил хийх үүрэгтэй) залуус жилдээ 29,000- 80,000 ам доллар, дунджаар 32,200 ам. долларын цалин авдаг ажээ.

Цалин нь ажилласан жил, туршлага, ур чадвараас шалтгаалан хэлбэлздэг, баг болгоных өөр өөр байдаг.

Тэгвэл waterboys буюу ус зөөгч, туслахын орон тоо бас багуудад бий. Ийм залуус тоглогчдод тоглолтын үед уух усыг нь дөхүүлж өгөхөөс гадна, хөлсөө арчих алчуурыг бэлтгэх, хувцас хэрэглэлийг “маллах”, бэлтгэлийн үед тамирчдад бөмбөгийг зөөх, дасгал бэлтгэл хийхэд туслах зэргээр талбайд болон хувцас солих өрөөнд тоглогчдын гол туслах юм.

“Усны хөвгүүд” жилдээ дунджаар 53,000-58,000 ам.долларын цалинтай бөгөөд жилдээ бүүр 100,000 ам.долларын цалин авдаг waterboy байдаг гэнэ.

Цалингаас гадна бүжигчид, шал арчигч, ус зөөгчдийн хамгийн том, үнэлж боломгүй “цалин” бол НБА-ын одуудын яг дэргэд ажиллаж, тоглолтын “амьдаар” нь ажлаа хийнгээ үзэх юм.

Ц.Энхтүвшин “Таван цагариг” сонин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *