Улс төрийн бохир арга бизнест халдав


Монголын зах зээлийг нуруундаа үүрч явдаг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна. ХАҮТ бол Монголд бүртгэлтэй төрийн бус байгууллагын нэг. Ердөө нэг ТББ-ын тэргүүний сонгууль атал ихээхэн улстөржсөн өнгө аястай болж байх чинь.

Сонгуулийнхаа урд өдөр гүйцэтгэх захирлыг нь өнөөх 3 үсэгтэй газар хорьчихлоо. 3 хоног ч биш, 30 хоног шүү. Яг л Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгууль шиг. ХАҮТ-ын гүйцэтгэх захирал нь ерөнхийлөгчийнхөө сонгуульд өрсөлдөж байгаа нь түүнийг АТГ-ын хаалга татаж, улмаар цагдан хоригдоход хүргэсэн гэх. Ажин түжин байдаг энэ байгууллага өнөө жил дуу орж, 2 ч удаа сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийлээ. Эхний удаад сонгуулийн өмнө “хэлд орсон” бол дараагийн удаа 2025 оны улсын төсвийн төслийг УИХ хэлэлцэж байх үед. Энэ удаад сонгуулиа бүр ч шуугиантай хийж байна.  

Энэ байгууллага ийн дуу шуутай болсон нь улс төртэй холбоотой юм санж. Ерөнхийлөгчөө УИХ-ын гишүүн болгож, Төрийн ордонд оруулчихсан чинь араас нь очмоор санагдсан юм даг уу даа, нэлээд олон хүнд. Барьцсан ч гэмээр юм уу. Салбарынхаа толгой байгууллагыг парламентад орох гишгүүр болгон ашиглаж болохыг бизнес эрхлэгчид ухаарчээ. Тэгэхдээ нэгнийгээ ШШГЕГ-ын Цагдан хорих төвд хийж байгаад, сонгуулиа явуулж байна. Тэр нь Цагдан хорих төвөөс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Яг л улс төрийн үйл явдал давтагдаж байна гээч. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Сэлэнгэ аймаг буюу УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааны үеэр баривчлан, хорьсон.

Тэр нь Цагдан хорих төвөөс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Яг л улс төрийн үйл явдал давтагдаж байна гээч

ХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “МҮХАҮТ бол зах зээлийн эдийн засгийн сүүлчийн цайз. Танхим том компаниудын шилжин явах цом биш. Хэн нэгний улс төрд орох гишгүүр биш. Төр-Бизнес хоёр эргээд тэнцвэрээ олох ёстой. Эс бөгөөс бид коммунизм руу сорогдож орж дампуурна” гэж мэдэгджээ. Түүний үг ортой л доо. Том компаниудын эзэд, удирдлагууд тус байгууллагын ерөнхийлөгчөөр ээлжлэн ажиллаж ирсэн. Одоо бүр танхимаас Төрийн ордонд ордог болов. Т.Дүүрэн 2019 онд тус танхимын гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрсөн онд болсон сонгуулиар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч эцсийн мөчид нэрээ татсан байна. Түүнийхээ шанд гүйцэтгэх захирлаараа үлджээ.

“Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй. Тэр “Бид нэг хүний доор байгаагаас бидний ажил хаагдаж байгаа юм. Яагаад энэ институц ажлаа хийхгүй, ЖДҮ эрхлэгчид хаягдав. Тэдэнд тусгайлсан бодлого орхигдсон. “Танхим үзэсгэлэн зохион байгуулдаг газар ш дээ” гэх хэмжээнд өнөөдөр Танхимын нэр хүнд уначихсан. Гэтэл салбарын холбоодыг чадавхжуулах ёстой байтал одоогийн холбоо халаасны, лообийных болсон. Салбар нь үүнээс болж нэгдэхгүй байна” гэж Т.Дүүрэнтэй утга нэг зүйл хэвлэлд ярьжээ.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од улс төрд бусдаасаа хамгийн ойрхон. Тэр 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

“Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав 2014 онд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод, 2019 онд дахин нэр дэвшсэн ч ялагдсан. Тэр энэ удаад даагаа нэхэж байна. Түүнтэй адил даагаа нэхэж байгаа хүн бол эдийн засагч Б.Лакшми. Өнгөрсөн жил энэ сонгуульд нэр дэвшсэн ч “Улстөржсөн, хүний найруулсан тоглоомоос гарахаар шийдлээ” гээд нэрээ татсан юм. “Таванбогд”-ын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан гэх мэтээр үргэлжлэх тоон дотор 1 үсэг байна. Бизнесийг улс төртэй холихоор Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх нэрээ дэвшүүлсэн байх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *