Улаанбаатарынхан утааныхаа талаар яриад 20 жил болов. Хорол тоонон дор аргал түлж ирсэн нүүдэлчин монголчууд түлээ, нүүрстэйгээ XXI зуунд амьдарч байна. 20 жилийн өмнө монголчуудыг утааны талаар ярьж эхлэхэд мэндэлсэн хүүхэд өнөөдөр утаан дотроо өсөж өндийн, насанд хүрлээ. Өчигдөрхөн дөө, 13 настай жаахан хүүхэд “Намайг төрж байхад утаа байсан, одоо ч байна” гэж ярих нь эмгэнэл.
Утаатай тэмцэж, утаагүй Улаанбаатар болох уриа, лоозон гаргаж, улиг болтлоо ярьсан ч утаан дунд угаартаж амь насаа алдсаар, утаа ярьж улс төрд суудал ахиж, утааны эсрэг зарцуулсан хэдэн тэрбум төгрөг утаа мэт замхарсаар харин Утаанбаатар бахь байдгаараа оршсоор. Ингэж бичихээс хүртэл дөжирмөөр болж.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын PM2.5 тоосонцрын хэмжээ ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс 6.4 дахин их, агаар нь хамгийн их бохирдсон хотуудын 4-т жагсаж байна.
Утгаа алдсан “Утаа”-ны төсөв
Утааг арилгана гэх нэрийдлээр зуухтай ноцолдож нэг үзлээ, түлшийг нь сольж ч үзэв. “Цэвэр агаар” төсөл, “Утаагүй зуух”, 17 тэрбум төгрөгийн хагас коксжсон нүүрс гаргахаар болсон ч тэр нь амжилтгүй болсон. Үүний хариуцлагыг хэн ч үүрээгүй. “Цэвэр агаар” төсөл гэхэд 2009 оноос эхлэн хэрэгжсэн. Тухайн үеийн ханшаар тооцоход 55-56 тэрбум төгрөг хаашаа далд орсон нь мэдэгдэхгүй замхарсан.
Тэр байтугай Засгийн газраас хэдэн тэрбум төгрөг зарцуулсныг эргэн санахад, 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 550 тэрбум төгрөг, 2017-2020 онд 456.1 тэрбум төгрөг, 2022 онд 34.5 тэрбум төгрөг, 2023 онд 39.2 тэрбум төгрөгийг улсын болон нийслэлийн төсвөөс зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлт, стандарт сайжирсангүй, утаа алга болсонгүй.
Утаагаар бамбайлж улс төрд эрх мэдэл, хөрөнгө чинээний суудалд залрагсад олширсон
Үндсэндээ эрх баригчид утаанаас салгана хэмээн 1 гаруй их наяд төгрөгийг салхинд хийсгэж, төлөөсийг нь Монголын ард түмэн амь нас, эрүүл мэндээрээ төлж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд шахмал түлшинд 3163 хүн угаартаж, нас барсан.
2023 онд нэгэн ээж бага насны гурван хүүхэдтэйгээ, 2022 онд долоон өрхийн хоёр хүн, 2024 онд нэг гэрт байсан 10 хүн угаартан нас барсан. Энэ бол сайжруулсан түлшнээс болж нас барсан хүмүүсийн хэдхэн жишээ. Гэтэл шахмал түлшийг санаачилсан хүн бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэдгийг та бүхэн санаж байна уу? Тэрээр Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа “Утаа үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн том дайсан. Утаанаас салж, угаарыг багасгах ганц л арга бий. Энэ нь иргэдийг орон сууцжуулах. Гэвч багадаа 20 жил шаардагдана. Тиймээс утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш юм” хэмээн хэлж, түүний шийдвэрээр Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон.
Ингэснээр Улаанбаатарын утаа 50% буурна гэж тэр ам гарсан. Бас л болсонгүй. Харин сайжруулсан түлшнийхээ чанарыг иргэдийнхээ амь, эрүүл мэндээр шалгаж байна. Сайжруулсан гэх түлш нь сайжраагүй, чанаргүй байгааг угаарын хийд хордсон иргэд, угаартаж амиа алдагсад, томуу тусаж, эмнэлгийн шалаар хэвтэх хүүхдүүд, ханиадны эм сураглаж, эмийн санд хамаг мөнгөө шавхах ээжүүд гэрчилсээр.
Атал санаачлагч нь өнөөдөр Ерөнхийлөгчийн суудалд заларч байна. 3000 гаруй иргэд нь угаартаж, амиа алдчихаад байхад Ерөнхийлөгч таг.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Үндсэн хуулиар дархлагдсан монгол хүний эрх 20 жил зөрчигдөж байгаад хэн хариуцлага хүлээх вэ?
Үхэж л байг уу
Утаанаас үүдэн монголчууд туйлдаа хүрч байна. Ковидын нөлөөгөөр маск зүүж сурсан бид өвлийг масктай давах тухай ярих болсон. Эмнэлэгт ор бүү хэл шал олдохгүй, угаартаж нас барах иргэдийн тоо хоног өнжин бүртгэгдэж, уушгины үрэвсэл, хатгаа, хорт хавдар, хүхэрлэг хийн үнэрт толгой өвдөж, унтаж чадахгүй сэрэх, утаа гэхээр л уур хүрдэг болж угтаа хатуугаар хэлэхэд биднийг “Үхэж л байг” гэж амьдруулж байна. Бид хангалттай ярилаа, дөжиртлөө амьдарч сурлаа. 1 их наяд гаруй төгрөг зарцуулсан ч утаан дундаа амьдарсаар удлаа. Хүлцэн тэвчиж, утаагүй болгоно гэсэн эрх баригчдын үгэнд итгэж, амьдарсаар байх уу. Цэлмэг тэнгэрийн орон утаанд боомилогдоод 20 жил боллоо. Цэвэр агаараар хэзээ амьсгалах вэ?…