Сингапурын “Marina Bay Sands” театраас Азийн аялан тоглолтоо амжилттай эхлүүлээд буй “Монгол хаан” жүжиг 2025 онд Япон Улсад тоглохоор болжээ. “Монгол хаан” жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг Tremendous Entertainment компанитай гэрээ байгуулж, 2025 оны сумогийн Аки башё, Кюшү башё хоёрын дундуур аравдугаар сарын 10-20-нд Токио хотод, аравдугаар сарын 24-26-нд Нагояа хотод жүжгээ тоглохоор болсон байна.
Олон улсын театрын урлагийн мэргэжлийн шүүмжлэгчдээс 4-5 одын үнэлгээ авсан “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолтын Монгол талын продюсерээр Рюүо Э.Санчирболд, Япон талын продюсерээр Tremendous Entertainment компанийн ерөнхий менежер Масаюүки Сузуки нар ажиллах аж.
“Монгол хаан” жүжиг 2023 онд Лондон хотын Колизум театрт 17 удаа тоглож, 42,000 гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулсан бол энэ онд жилд 45 сая хүн зочилдог Сингапурын Марина Бэй Сэндс театрт 22 удаа амжилттай тоглож, 30,000 гаруй үзэгчдэд хүргэсэн.
“Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компани ирж үзэж, 2025-2026 оны аялан тоглолтын санамж бичгүүдийг үзэглэсэн. Тэгвэл энэхүү санамж бичгүүдийн дагуу Азийн аялан тоглолтын дараагийн зах зээл нь Япон боллоо.