Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ


Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2024.11.29/ хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаан даргалагч, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно” хэмээн заасныг танилцуулаад, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай” 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгохыг дэмжлээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хурапдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн хуралдаанаар “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болгосонтой холбогдуулан авах арга хэмжээг тусгасан тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул уг тогтоолын төслийг боловсруулсныг хуралдаан даргалагч танилцуулсан.

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлэхээр тусгасан. Харин Засгийн газрын өргөн мэдүүлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор хэмээн тусгах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *