Сингапурт болж буй шатрын Дэлхийн аварга цолын төлөөх тэмцээн тун сонирхолтой өрнөж байна.
Дэлхийн 17 дахь аварга БНХАУ-ын их мастер Дин Ли-Рэнь Дэлхийн аварга цолыг горилогч Энэтхэгийн их мастер Доммаражу Гукешийг эхний өрөгт хараар нүүгээд хожсон.
2010 оноос хойш анх удаагаа шатрын дэлхийн аваргын төлөөх тэмцээн эхний өрөгт ялалт байгуулсан тохиолдол болов. Дээр нь 2024 оны нэгдүгээр сараас хойш нэг ч хожил аваагүй байсан, форм тун муу байсан Дин ийн хожлоор тэмцээнийг эхлүүлсэн нь бараг сенсаац боллоо. Дин франц хамгаалалтаар тоглон, 42 дахь нүүдэлдээ хожил авсан.
Энэтхэгийн 18 настай их мастер, супер хүү Шатрын дэлхийн аваргын төлөө өрсөлдөж буй хамгийн залуу шатарчин. Хэдийгээр чансаа, форм аль алинаар Динээс илүү ч Дэлхийн аваргын төлөө тоглосон туршлага дутах шиг болов.


Диний санаанд оромгүй, ойрдоо Гукешийн наадаагүй ер бусын нүүдлүүд хийсэн нь амжилтад хүрэв. Хоёрдугаар өрөгт хоёр шатарчин эвийн гэрээ байгуулж, ерөнхий дүнгээр Дин Ли -Рэнь 1,5:0,5 оноогоор хошуучилсан хэвээр.
Гуравдугаар өрөгт Гукеш цагаанаар наадсан. Дин цейтнот буюу цагийн шахаанд орж, улмаар хожигдсоноор хоёр шатарчин гурван өргийн дараа 1,5:1,5 оноотой боллоо. Сануулахад хожилд нэг оноо, хайнцахад 0,5 оноо өгдөг бөгөөд хэн нэг нь түрүүлж 7,5 оноо авбал ялагч болох бөгөөд нийтдээ 14 өрөг наадах юм.
Ц.Энхтүвшин “Таван цагариг сонин”