“Ditto”, “OMG”, “Super Shy” зэрэг чартыг тэргүүлсэн уран бүтээлүүдээрээ алдартай K-pop урсгалын NewJeans охидын хамтлаг өөрсдийг нь гаргаж ирсэн агентлагаа орхиж байгаагаа зарлан мэдэгджээ. Таван гишүүнтэй NewJeans хамтлаг пүрэв гаригт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Hybe лэйблийн харьяалалд багтдаг Ador хэмээх агентлагаа орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Хамтлагийн гишүүд Ador агентлагийг тэдэнтэй “хүний ёсноос гажууд, зохисгүй авирлан харьцаж, хууран мэхэлж луйвардсан” гэсэн шалтгаанаар хамтын ажиллагаагаа цуцлаж байгаагаа мэдэгджээ.
Хамтлагийн гишүүн Ханни мэдэгдэлдээ “бид ийм ёс зүйгүй ажиллах орчинд ажиллаж чадахгүй, NewJeans хамтлагийн эрх ашгийг хамгаалахын оронд бидэнд хохирол учруулдаг ийм агентлагийн нэг хэсэг болохыг, цаашид хамтарч ажиллахыг хүсэхгүй байна” хэмээн хэлсэн байна. Түүнчлэн зөвхөн хамтлагийн гишүүд ч гэлтгүй арын албаны баг, хамт олонтой ч зохисгүй харьцаж, хамтлагийг олон талаар залилж луйвардсан гэдгийг тодотгожээ. Мөн хамтлагийн зүгээс Ador агентлагаас өнгөрсөн 8 сард гарсан, тус хамтлагийг үндэслэн байгуулсан продюсер Мин Хи-жинтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. NewJeans хамтлагийн ийнхүү агентлагаа орхин гарах болсон нь толгой лэйбл болох Hybe-ийн тэргүүн Бан Ши Хюк болон дээрх Мин Хи-жин продюсер нарын зөрчилдөөнтэй холбоотой удаан хугацаанд үргэлжилж байгаагаа асуудлаас үүдэлтэй юм. Тодруулбал Мин Хи-жин продюсер Ador агентлаг, NewJeans хамтлагийг хамтад нь аваад Hybe лэйблээс өрх тусгаарлахаар төлөвлөж байсантай холбоотой ажээ. NewJeans хамтлагийн зүгээс мөн энэ сарын 13-нд Ador агентлагийн эсрэг гомдол гаргаж, тэдэнтэй байгуулсан тусгай гэрээний зөрчлийн асуудлуудыг 14 хоногийн дотор шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавьж, заасан хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болно гэсэн шаардлагыг тулгасан байна.
Тэдэнтэй байгуулсан 7 жилийн хугацаатай гэрээ нь 2029 оноор дуусгавар болох ёстой бөгөөд лэйблийн зүгээс хамтлагийн гишүүдийг гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцласан тохиолдолд 300 тэрбум орчим воны төлбөрт унах болно гэдгийг Өмнөд Солонгосын Koreaboo сайт мэдээлж байжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр хамтлагийн гишүүд өөрсдийгөө гэрээ зөрчсөн ямар ч үйлдэл гаргаагүйг цохон тэмдэглэж, шүтэн бишрэгчиддээ хандан хэрвээ лэйблтэй гэрээгээ цуцласан тохиолдолд NewJeans гэсэн нэрээрээ уран бүтээлээ туурвих боломжгүй болно гэдгийг анхааруулсан байна. Ador агентлагийн зүгээс ч мөн өөрсдийгөө ямар нэгэн байдлаар гэрээг зөрчөөгүй, компанийн төлөвлөгөөний дагуух бүхий л үйл ажиллагаанд хамтлаг оролцож явах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Өнгөрсөн сард хамтлагийн гишүүн Ханни БНСУ-ын Үндэсний ассемблейн хөдөлмөр эрхлэлт хариуцсан хорооны ажиллах орчны дарамт шахалтын асуудлаар хуралдсан сонсголд оролцож, мэдүүлэг өгсөн юм. 16-20 насны Минжи, Ханни, Даниэль, Хэрин, Хейн гэсэн таван гишүүнтэй NewJeans хамтлаг 2022 онд дуу хөгжмийн салбарт дебют хийж гарч ирсэн даруйдаа өндөр амжилтыг үзүүлж, 2023 оны хамгийн их ашиг орлого олсон хамтлаг дуучдын жагсаалтын 8-д бичигдэж, өнгөрсөн намар MTV Awards-ын “Шилдэг хамтлаг” шагналд нэр дэвшсэн билээ.