Волейболын Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна.
Тоглолтын нэгдүгээр ээлжид 25:18 харьцаагаар “SG Hawks” тэргүүлсэн. Харин хоёрдугаар ээлжийн тоглолтод Баксынхан хүчтэй өрсөлдөөн үзүүлж, 28:26 харьцаагаар энэ сетийг өөрсдийн болгов. Хэдий ч гурав болон дөрөвдүгээр ээлжийн тоглолтод “SG Hawks” илүүрхэж, өрсөлдөгчдөө боломж өгөхгүйгээр найм дахь хожлоо итгэл төгс авсан юм. “SG Hawks”-аас Киргизстанаас ирсэн легионер Онолбек 17 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Батсуурь 14 оноо, Эдди буюу Ж.Энх-Эрдэнэ 13 оноо авав. Тэд энэ жилийн лигт аварга авах зорилготой. Тиймдээ тус баг ур чадвартай олон тоглогчд дээрээ нэмэн олон улсад чансаа дээгүүр легионер тоглогчдыг эгнээндээ нэгтгэж, хүчтэй бүрэлдэхүүнийг байгуулсан.
Ийн 8:0 буюу нэг ч хожигдолгүйгээр лигийн хүснэгтийг тэргүүлж байна. Тэдний хожлыг хэн зогсоох вэ?
Харин “Натур Бакс”-аас Ботсванаас ирсэн легионер Игобе Сикуку 19 оноо, багийн ахлагч Э.Энх-Амгалан 15, Б.Амар 10 оноо авч багаа тэргүүлсэн.
Натур Баксын бүрэлдэхүүнд тэднийг өнгөрсөн жил аварга авахад өөрийн хувь нэмрээ оруулсан Тайваны легионер, нам хагасын байрлалд тоглодог Чен Ян Ву эргэн нэгдсэн. Тэрээр Монголд ирээд өчигдөр эхний тоглолтдоо оролцсон. Түүнээс их зүйл хүлээж байсан ч өчигдрийн тухайд нэг л болж өгсөнгүй. Өнгөрсөн жил гялалзаж байсан Ву байсангүй. талбайдаа дасах, формдоо орох хугацаа шаардагдаж буй биз ээ.
Натур Бакс энэ жил Т.Хангал, М.Цэрэнбаатар, Б.Наранбаяр нарын шилдэг тулгуур тоглогчдоо алдсан. Т.Хангалын хувьд Тайландын лигт тоглож буй учраас түүний орон зай, тоглолтын ур чадвар яах аргагүй дутагдаж буй.
Ямартай ч “SG Hawks” багийн хожлын цувралыг тэд зогсоож чадсангүй.