Б.Жавхлан: Төсвийг бүхэлд нь хориг тавьсан гэх утгаар биш, засвар хийхээр буцааж байгаа гэж ойлгож болно


ХУУЛЬ ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ ДЭМЖИВ

Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо баасан гариг (2024.11.29)-т хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбог дуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэв.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бү хэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн ба талж болно” хэмээн заасан.

“Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай” 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Байнгын хороодын хамтар сан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгохыг дэмжсэн юм. Байнгын хороодын хам тарсан хуралдаанаар дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хурапдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн хуралдаанаар “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэм жээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болгосонтой холбогдуулан авах арга хэмжээг тусгасан тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул уг тогтоолын төслийг боловсруулсныг хуралдаан даргалагч танилцуулсан.

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлэхээр тусгасан. Харин Засгийн газрын өргөн мэдүүлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор хэмээн тусгах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гаргасныг хуралдаанд оролц сон гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбоотой хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн орчин үүссэн. Өмнө нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ бүхэлд нь хүлээн авсан тохиолдол байхгүй учир эрх зүйн шинэ орчин үүсэж, хуульд нэг удаа үйлчлэх өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм. Хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж байгаа ажээ.

Төсвийн тухай хуульд зааснаар 12-р сарын 5-нд багтаан батлах ёстой. Шаардлага үүсвэл дараа нь тодотгол хийх боломжтой юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Төсвийн урсгал зардлыг хэн нь хасах вэ? Засгийн газар уу, гишүүд хасах уу? Төсөвт өөрчлөлт оруулах ажлыг хаана хийх вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Төсвийг бүхэлд нь хориг тавьсан гэх утгаар биш, засвар хийхээр буцааж байгаа гэж ойлгож болно. Аймгууд арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө батална.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж авч байсан жишиг байхгүй учир бид тусгайлан хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Энэ хуулийг нэг удаа хэрэглээд дуусна.

Төсөв хэлэлцэх ердийн зарчмаар бол технократуудын боловсруулсан төсвийн хуульд дураараа орох нь хуулиар хориглогдсон. Улс төржих байдлаар төсөвт хандахгүй байх нь зөв. Гэхдээ ердийн хэлэлцүүлдэг журмаас гишүүд бүтээлчээр хандаж оролцох боломжтой.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Цаашид ийм тохиолдол давтагдахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр нэг удаагийн дэгээр биш хуульдаа өөрчлөлт оруулаад явах нь зөв байж гэсэн санал байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ганц ваучер биш, 2025 оны төсвийн төслийн өсөлт 3.5 их наяд төгрөг. Энд сайд нар зохиогоод тавьсан тоо нэг ч байхгүй. Бүгд төсөл, хууль тогтоомжуудтай холбоотой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг нэг бүрчлэн задалж, гишүүдэд хүргүүлнэ. 18.5 тэрбум төгрөгийн ваучер бол 3.5 их наядад багтаж байгаа. Энэ бол нийт 46 хууль, тогтоомжид тусгасан өөрчлөлтүүдтэй холбоотой төсвийн өсөлт юм.

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЭВ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы баасан гариг (2024.11.29)-ийн нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Саналт хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

С.Эрдэнэ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *