Европын Холбоонд гишүүнээр элсэх тухай яриа хэлэлцээг Гүржийн засгийн газраас цуцлан зогсоосныг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн 4 өдөр дарааллан тасралтгүй үргэлжилсээр байна. Жагсагч иргэд болон хэв журмын цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны улмаас наад зах нь 44 хүн эмнэлэгт хүргэдсэн байна. Тодруулбал 27 иргэн, 16 цагдаа болон хэвлэл мэдээллийн 1 ажилтан эмнэлэгт хүргэгдсэн талаар Гүржийн Дотоод яамнаас мэдээлжээ.
Эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа ба нийслэл Тбилиси хотын төвд байрлах парламентын ордны гаднах олон арван мянган иргэдийн жагсаалын үеэр жагсагчид хэв журам зохицуулагч цагдаа нар луу чулуу шидэж, салют харвасан бол жагсагчдын эсрэг цагдаа нар тийрэлттэй ус шүршигч, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглан цугласан олныг тараахыг оролджээ. “Гүрж мөрөөдөл” намын тэргүүлсэн засгийн газраас Гүрж улсыг ЕХ-нд гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг 2028 он хүртэл цуцлан зогсоож байгаа талаараа зарлан мэдэгдсэн цагаас хойш ийнхүү иргэд засгийн газрыг огцрохыг шаардан эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглааныг тасралтгүй үргэлжилсээр байна. Харин тус нам өнгөрсөн 10 дугаар сарын 26-ны өдөр явагдсан парламентын сонгуулиар ялалт байгуулж, дахин сонгогдсон явдлыг чөлөөт шударга сонгууль явагдаагүй хэмээн ЕХ-ны зүгээс шүүмжилсний хариуд дээрх мэдэгдлийг хийжээ. Олон улсын ажиглагчдын зүгээс парламентын сонгуулийн үеэр хүчирхийлэл, авлига хээл хахууль, давхар санал өгөх зэрэг олон зөрчил илэрснийг хэлж байсан юм.
Тэгвэл ням гаригт ЕХ-ны Гадаад бодлогын дарга Каяа Каллас болон ЕХ-ны өргөжилтийн комиссар Марта Кос нар Гүрж улсын ЕХ-нд гишүүнээр элсэх ярих хэлэлцээгээ зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “Гүрж улсын өмнөх засгийн газрууд болон Гүржийн ард түмний дийлэнх нь дэмжиж ирсэн бодлогоосоо тус улс ухарч байгааг бид үүгээр цохон тэмдэглэж байна” гэжээ. ЕХ одоогоос жилийн өмнө, 2023 оны 12 сард Гүрж улсад гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг олгож, биелүүлэх нөхцөл шаардлагуудаа тавьж байсан боловч энэ оны эхээр Гүржид “гадаад улс орны нөлөөллийн эсрэг хууль” батлагдсан явдлыг тус улсын ардчиллын эсрэг томоохон цохилт болсон гэж үзээд гишүүнчлэлийн үйл явцыг хойшлуулахаар болж байсан. Шүүмжлэгчдийн зүгээс мөн эрх баригч “Гүрж мөрөөдөл” намыг авторитар хэв маягтай болж, Оросыг “налж байна” эхэлж байна хэмээн буруутгасан юм. Энэ нь тус намын зүгээс Кремльтэй нэгэн ижил хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж, ЛГБТК+ буюу бэлгийн цөөнхийн эрхийг хязгаарласан хуулиудыг батлуулах гэж зүтгүүлсэнтэй холбоотой ажээ. Ардчилсан үзэлтэй, ЕХ-нд гишүүнээр элсэх явдлыг дэмжигч Гүржийн төрийн тэргүүн Саломе Зурабишвили жагсагч ард иргэдээ дэмжсээр байх болно гэдгээ амлаж, “хууль бус” засгийн газарт түүний дараагийн төрийн тэргүүнийг сонгох эрх байхгүй, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуустал суудлаасаа буухгүй гэдгээ мэдэгджээ.
Тэрээр жагсагчдын хамт ерөнхий сайд Ираклий Кобахидзе-гийн тэргүүлсэн засгийн газар Гүрж улсыг ОХУ-ын нөлөөллийн хүрээнд оруулахыг зорьж байна хэмээн буруутгаж, засгийн газрыг огцорч, дахин сонгууль явуулахыг уриалан шаардаж байгаа юм. Хэдийгээр удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа ч Саломе Зурабишвили-гийн улс төрийн нэр хүнд сүүлийн хэдэн сард огцом өсөөд байна. Харин ерөнхийлөгчийг энэ сарын сүүлээр суудлаа тавьж өгөхийг шаардаж байгаа ерөнхий сайд Ираклий Кобахидзе Гүрж улсын ЕХ-нд нэгдэх үйл явц бүрмөсөн зогсчихоогүй байгаа талаараа цохон тэмдэглэж, “манай улсын Европын интеграцид нэгдэн орох хүсэл зорилго хэвээрээ байгаа, бид Европт нэгдэх аян замыг үргэлжлүүлсээр байгаа” гээд, одоо өрнөж байгаа энэ бүх үйл явдалд сөрөг хүчинг буруутгаж, парламентын дахин сонгууль явуулах асуудлыг няцааж, уг саналыг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлээд байна. 3.7 сая хүн амтай Гүрж улсын газар нутгийн 20 хувь нь (салан тусгаарлах үзэл бүхий хоёр бүсэд) өнөөдрийн байдлаар ОХУ-ын цэргийн оккупацид байгаа юм.