Д.Трамп БРИКС-ийн орнуудад 100 хувийн татвар ногдуулна хэмээн сүрдүүллээ


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трамп БРИКС-ийн орнуудыг сүрдүүлсэн шинжтэй мэдэгдлийг өөрийн Trump Social хуудсанд нийтэлсэн байна. Тэрээр хэрвээ БРИКС-ийн гишүүн орнууд ам.доллараас татгалзаж, америк долларын эсрэг өрсөлдөх валют бий болгосон тохиолдолд тэдгээр орнуудын эсрэг 100 хувийн тарифын татвар ногдуулна хэмээн сүрдүүлжээ. БНХАУ, ОХУ, Бразил, Энэтхэг, ӨАБНУ, Иран, Египет, Этиоп, АНЭУ-уудыг эгнээндээ нэгтгэсэн БРИКС-ийн эсрэг дээрхтэй ижил утга агуулгатай зүйлийг Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэрээ ч ярьж байсан юм. Трампын хэлээд байгаа тэрхүү ам.доллартай өрсөлдөх шинэ валютыг бий болгож, дэлхийн худалдаан дах ам.долларын ноёрхлыг багасгах санал санаачлагыг Бразил болон Оросын улс төрчид гаргаж байсан ч БРИКС доторх санал зөрөлдөөнөөс шалтгаалан ямар нэгэн дорвитой үйл явц, ахиц дэвшил гараагүй билээ. Харин Д.Трамп мэдэгдэлдээ “Хүчирхэг ам.долларыг орлох Брикс-ийн шинэ мөнгөн тэмдэгт болон өөр ямар нэгэн валют гаргасан тохиолдолд тэд 100 хувийн тарифтай нүүр тулж, Америкийн гайхамшигтай зах зээлд оролцож, худалдаа хийх боломжгүй болно” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп мөн ерөнхийлөгчийн албаа хүлээж авсан эхний өдрөө Мексик, Канад, Хятад улсуудын импортын татварыг нэмэх болно хэмээн мэдэгдсэн. Тэгвэл зарим Трампын холбоотнууд түүний эдгээр хурц ширүүн мэдэгдлүүдийг яриа хэлэлцээ явуулах арга барил, тактик хэмээн тайлбарлаж байна. Мөн дээр нь Д.Трамп Америкийн эдийн засгийг өсгөж, ажлын байрыг хамгаалж, татварын орлогыг нэмэгдүүлэх арга зам бол тарифыг нэмэх явдал гэж үздэгтэй ч холбоотой. Д.Трамп төрийн тэргүүнээр ажилласан эхний бүрэн эрхийн хугацаандаа Ж.Байдены засаг захиргаатай харьцуулахад илүү олон тооны тариф тогтоосон байдаг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *