Д.Трамп Холбооны мөрдөх товчоо болон Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх агентлагийн удирдлагуудыг сонгов


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп өөрийн хуучин туслах Каш Пателыг Холбооны мөрдөх товчооны даргын албан тушаалд нэр дэвшүүллээ. Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Каш Пател АНУ-ын Батлан хамгаалах департаментад удирдах албан тушаал хашиж байсан юм. Холбооны мөрдөх товчооны даргын албыг одоо хашиж байгаа Кристофер Врэй-г албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох, эсвэл түүнийг халсны дараа л Каш Пател уг албанд орох боломжтой ба Д.Трамп мэдэгдэлдээ Кристофер Врэй-тэй холбоотой ямар нэг зүйл бичээгүй байна. Трамп мэдэгдэлдээ “Каш бол гайхалтай хуульч, мөрдөгч, мөн Америкийн ард иргэдийг хамгаалагч, шударга ёсыг хэрэгжүүлэгч, авлигын эсрэг тэмцэгч юм” хэмээн өөрийн Truth Social хуудсандаа онцолжээ.

Д.Трамп мөн Флорида мужийн Хиллсборо Каутни тойргийн цагдаагийн дарга Чэд Кронистерыг АНУ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх агентлагийн даргаар сонгон нэр дэвшүүлсэн байна. Түүний хувьд хууль сахиулагч хүчний байгууллагад 32 жил ажилласан туршлагатай бөгөөд 2017 оноос хойш Флорида мужийн Хиллсборо Каунти тойргийн шерифийн албыг хашиж байгаа ажээ. Трамп түүнийг нэр дэвшүүлж буй мэдэгдэлдээ “Чэд энэхүү агентлагийн дарга болсноор хилийн аюулгүй байдлыг хангаж, фентанил болон бусад хууль бус эм бэлдмэл, хар тамхины урсгалыг зогсоож, олон Америкчуудын амь насыг аврах болно” гэжээ. Харин Чэд Кронистер өөрийнхөө сошиал хуудсанд Трамп өөрийг нь уг албан тушаалд нэр дэвшүүлсэн явдлыг нэр төрийн хэрэг байлаа хэмээн бичсэн байна.

Ийнхүү Д.Трамп хууль сахиулах гол гурван алба болох Ерөнхий шүүгчид Пэм Бонди, Холбооны мөрдөх товчооны даргад Каш Пател, Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх агентлагийн даргад Чэд Кронистерыг нэр дэвшүүлээд байна. Тэднийг уг албан тушаалд томилох эсэхийг Сенатын олонхийн саналаар шийдвэрлэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *