Зогсолтгүй орсон усархаг борооноос үүдэлтэй үерийн улмаас Малайз болон хөрш зэргэлдээх Тайланд улсад наад зах нь 12 хүн амиа алдаад байгаа талаар эрх баригчдын зүгээс мэдэгджээ. Малайзын хойд хэсэгт үерийн улмаас 122 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бол Тайланд өмнөд хэсэгт мөн орох оронгүй болсон 13 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хур тунадас зогсолтгүй орсоор байгаа тул үер усны аюул хэвээрээ байгааг анхааруулсаар байгаа юм. Байшин барилгууд үерийн усанд автан, иргэд дээвэр дээрээ гарцгааж, зам дээрх машинууд бараг харагдахгүй болтлоо үерт автсан бичлэгүүд сошиал орчинд олноороо тавигджээ.
Тайландын зургаан мужид үерийн улмаас байгалийн гамшгийн онц байдал зарлаж, нийт 534 мянган барилга, байшин үерт автаж, хоёр эмнэлгийн барилгыг хаахаас өөр аргагүй байдалд хүрсэн талаар тус улсын гамшгийн эсрэг тэмцэх албаны зүгээс мэдэгджээ. Тайландын засгийн газраас дээрх зургаан муж тус бүрд 50 сая бат буюу 1.7 сая ам.долларын нөхөн сэргээлтийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Харин Малайз улсын хувьд Тайландтай хиллэдэг зүүн хойд хэсгийн үерт хамгийн их нэрвэгдсэн Келантан мужид гол анхаарлаа хандуулж, үерт автаж гацсан иргэдийг аврах, орон гэргүй болсон оршин суугчдыг түр хоргодох байр, хоол унд, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр хангах ажил хийгдэж байна. Келантан мужаас гадна тус улсын өөр 8 муж үер усны гамшигт нэрвэгдээд байгаа юм. Малайзын ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригаас эхлэн кабинетын гишүүдийг гэрт нь хариулалгүй, байгалийн гамшгийн нөхцөл байдал дээр ажиллуулж байгаа ажээ.
Малайзын цаг уурын албаны зүгээс өнөөдрөөс эхлэн хур тунадас зогсох талаар мэдээлсэн бол Тайландын цаг уурын албанаас усархаг, ширүүн бороо энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх талаар анхааруулаад байна. Хэдийгээр жилийн яг энэ үед Малайз, Тайланд улсуудад борооны улирал үргэлжилдэг ч төдийлөн үерлээд байдаггүй. 2021 онд Малайзад маш их гарз хохирол учруулсан үер болж, наад зах нь 14 хүн амь үрэгдэж байсан бол 2011 онд Тайланд улсад 500 гаруй хүн амь үрэгдэж, олон сая байшин, барилга эвдэрч сүйдсэн үер болж байсан юм.