ОХУ ирэх оны батлан хамгаалах, аюулгүй байдал, зэвсэгт хүчний салбарын төсвөө нэмэгдүүлэхээр болжээ. 2025 оны Оросын батлан хамгаалах салбарын төсөв нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн салбарын төсвүүдийг нийлүүлснээс ч илүү төлөвлөгдсөн бөгөөд шинэ төсвийн төслийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин зөвшөөрсөн байна. Ням гаригт ОХУ-ын засгийн газрын вебсайтад нийтлэгдсэн төсвийн төсөлд нийт улсын төсвийн 32.5 орчим хувь буюу 137 тэрбум евро-той тэнцэх хэмжээний хөрөнгийг үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт зориулахаар зааж өгсөн ба 2024 онд батлан хамгаалах салбарын төсөв нийт улсын төсвийн 28.3 хувийг эзэлж байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. ОХУ-ын 2025 оны улсын төсвийг тус улсын парламентын дээд, доод танхим болох Холбооны зөвлөл болон Төрийн Думд 11 сарын сүүлийн 10 хоногийн дотор батласан байна.
Орос, Украины дайн 2022 оны 2 сард ОХУ “цэргийн тусгай ажиллагаа” хэмээх нэрэн доор Украин руу халдан довтолсноор эхэлсэн бөгөөд хоёр талын нөөцийг шавхагдуулж байгаа энэхүү дайн нь Дэлхийн хоёдугаар дайнаас хойш Европт өрнөж байгаа хамгийн томоохон тулаан, зөрчилдөөн болоод байгаа юм. Эх орноо хамгаалж тэмцэхийн тулд Киев барууны түнш, холбоотнуудаасаа олон зуун тэрбум ам.долларыг хүлээн авч, зэр зэвсэг худалдан авахад зориулж байгаа ч Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, зэр зэвсэг, техник хэрэгслийн хүчин чадал, тоо хэмжээ хамаагүй илүү байгаагаас гадна сүүлийн саруудад Оросын тал зүүн фронтоор хийх дайралтаа улам нэмэгдүүлсээр байна. Хамгийн сүүлийн үеийн галын шугамын мэдээллээс дурьдахад амралтын өдрүүдээр хоёр тал харилцан дрон болон пуужингаар довтолсны улмаас Украины Херсон хотод 3 хүн амь үрэгдэж, 7 хүн шархадсан бол Днепр хотод 4 хүн амь үрэгдэж, 24 хүн шархадсан байна. Харин Украин Оросын баруун хэсгийн Брянск, Калуга, Смоленск, Курскийн бүсэд дроноор довтолсны улмаас нэг бага насны хүүхэд амь үрэгдсэн хэмээн мэдээлжээ.