Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оны арваннэгдүгээр сарын /2024.11.28/-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийж эхэлсэн.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн. Тодруулбал, Монгол дэлхийд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын тоогоороо хорт хавдрын эхний 10-т багтаж байгаа. Энэ төрлийн хавдар 2023 оны байдлаар зонхилон тохиолдож байгаа нийт хавдрын өвчлөлийн 5,9 хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Нийт хорт хавдраар өвдсөн хүмүүсийн хоёрт умайн хүзүүний хорт хавдар ордог. Мөн хавдраар нас барж буй тохиолдлын гуравт энэхүү өвчин орж буй юм.
Өнгөрсөн 2023 онд улсын хэмжээнд 7500 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон гэж Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлсэн байдаг.
Тэгвэл папиллома вирусийн эсрэг вакциныг хийснээр хавдраар өвчлөх эрсдэл багасна хэмээн үзэж “Гардасил” вакциныг хийж эхлээд буй. Тус вакцин нь АНУ-ын Мерк Шарп үйлдвэрийн ХПВ-ийн 6, 11, 16, 18-р хэвшинжийн халдвараас сэргийлэх рекомбинант вакцин ба нэг хүн тунгаар савлагдсан. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, АНУ-ын Хүнс, Эмийн агентлаг, Европын холбооны эмийн агентлаг, ДЭМБ-ын чанарын шаардлага хангасан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.