Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр дээд лигийн аялан тоглолт Дархан-Уул аймгийн төв дэх “Дархан Арена”-д боллоо. Аялан тоглолтуудаас онцлох нь “Хасын хүлэгүүд” болон “Сэлэнгэ бодонс” багийн тоглолт байв. Учир нь аваргаа хамгаалагч “Хүлэгүүд” нэг ч хожигдолгүй 8:0 харьцаагаар амжилтын хүснэгтийг тэргүүлж буй. Харин тэдний хожлын цувралыг “Бодон”-гууд зогсоох болов уу гэсэн таамаг зарим сагсан бөмбөг сонирхогчдын дунд байлаа.
Ингээд хоёр багийн тоглолт болоход 65:56 харьцаагаар “Хасын хүлэгүүд” өрсөлдөгчөө ялж, улирлын 9 дэх хожлоо авсан юм. Тус тоглолтод Ч.Тэмүүлэн, Э.Саруул-Эрдэнэ нар 14 оноо авч багаа тэргүүлсэн бол Ч.Ихбаяр 12 оноо, А.Азбаяр 7 оноо, Толберт Жордан 10 оноо авлаа. Харин “Бодон”-гуудаас Силла 20 оноо авч багаа тэргүүлсэн бол Ахмад Гилберт 19 оноо авсан.
Харин өчигдөр “Хүлэгүүд” UG Arena-ын талбайд ээлжит тоглолтоо INUT YES TLG багийн эсрэг хийж, 74-80 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч энэ улирлын 10 дахь хожлоо авав. Ингэснээр тэд нэг ч хожигдолгүйгээр амжилтын хүснэгтийг тасархай тэргүүлж байна.
Тэдний араас “BCH Knight3 баг 5 хожил, 3 хожигдол, “Дархан юнайтед” 5 хожил 4 хожигдол, “Сэлэнгэ бодонс” 6 хожил, 5 хожигдол, “SG Apes” баг 5 хожил, 5 хожигдолтойгоор амжилтын хүснэгтэд эрэмбэтэй явж байна.
Дээд лигийн шинэ улирал эхэлснээс хойш “Хүлэгүүд”-ийг нэг ч баг зогсоож чадсангүй. Тэдний хожлын цуврал хэзээ зогсох вэ?
Тэгвэл Сагсан бөмбөгийн од, тэргүүн туршлагатай тамирчид болох ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир нар хоорондоо халз тулна. Тодруулбал маргааш буюу 12-дугаар сарын 3-ны Мягмар гарагт “Хасын Хүлэгүүд” болон “Налайх Бизон” багуудын тоглолт болох юм. Налайх Бизон “Хүлэгүүд”-ийг хожиж, тэдний хожлын цувралыг зогсоож чадах уу? Эсвэл “Хасын Хүлэгүүд” ээлжит хожлоо авах уу?