Өнгөрсөн долоо хоногт кинотеатруудад нээгдсэн Walt Disney Animation кино компанийн “Моана 2” хүүхэлдэйн кино хэд хэдэн шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Талархлын баярын өдөр тохиосон долоо хоногт нээлтээ хийсэн тус хүүхэлдэйн кино АНУ-д нийт 221 сая ам.долларыг ашгийг олсон бөгөөд нээлтээ хийсэн тав хоногийн хугацаанд хамгийн их ашиг орлого олсон (бүх цаг үеийн) хүүхэлдэйн киногоор тодорчээ.
221 сая ам.долларын орлого гэдэг нь “Моана 2” хүүхэлдэйн киноны нээлтээ хийсэн 11 сарын 27-ны лхагва гаригаас 12 сарын 01-ний ням гаригийг дуустал 5 өдрийн хугацаанд олсон кинотеатрын тасалбар борлуулалтын орлого ажээ. Дэвид Деррик Жуниор, Жэйсон Хэнд, Дана Леду Миллер нарын найруулсан, гол дүрд нь Дуэйн Жонсон дуу оруулсан “Моана 2” хүүхэлдэйн кино нээлтийн долоо хоногтоо олон улсаас 165.3 сая ам.долларын орлого олсон байна. Хамгийн өндөр орлого болох $18.8 саяыг Францын кинотеатруудаас олжээ. Мөн Итали, Бразил, Австрали, Мексик зэрэг улсад орлогоороо нэгд бичигдсэн байна. Ингэснээр тус хүүхэлдэйн киноны нээлтийн долоо хоногийн дэлхийн нийт орлого 386.3 сая ам.доллароор хэмжигджээ. Disney Entertainment-ийн удирдлагуудын нэг болох Алан Бергман хүүхэлдэйн киноны амжилтын талаар хийсэн мэдэгдэлдээ “Моана 2 бидний урьдчилан таамаглаж байсан төсөөллийг хэд дахин давсан амжилтыг үзүүллээ” хэмээн онцолжээ. Ингээд Disney болон статистик мэдээллийн Comscore компаниудын зүгээс танилцуулсан тус хүүхэлдэйн киноны зарим рекордыг дурьдая:
- Нээлтээ хийсэн эхний 5 өдөрт олсон хамгийн их ашиг орлого (бүх цаг үеийн) – $221 сая
- Талархлын баярын долоо хоногт 5 өдрийн дотор олсон хамгийн их ашиг орлого – $221 сая
- Walt Disney Animation-ий нээлтийн өдөртөө хамгийн их ашиг орлого олсон бүтээл – $57.5 сая
- Walt Disney Animation-ий эхний 3 өдөртөө хамгийн их ашиг орлого олсон бүтээл – $135.5 сая
- Хар баасан гаригт хамгийн их ашиг орлого олсон бүтээл – $54.5
Түүнчлэн “Моана 2” хүүхэлдэйн кино нээлтийн долоо хоногтоо олсон дэлхийн орлогоороо энэ жил “Deadpool & Wolverine” киноны араас жагсч байна.