Солонгосын хөгжмийн салбарын гол гурван энтертайнментын нэг YG энтертайнментын захирал Ян Хён Сог 2025 оны төлөвлөгөөгөө олон нийтэд танилцууллаа. Тэрбээр 2025 бол YG гэр бүлийн хувьд чухал бөгөөд хамгийн завгүй жил байх болно гэдгийг онцолсон юм. Ирэх онд Blackpink хамтлагийн дэлхийн аялан тоглолт эхлэх бөгөөд энтертайнментын хувьцаа болон орлогын хэмжээтэй шууд хамааралтай тус хамтлагийн гишүүд хэдий хувь уран бүтээлчдийн зүгээс гэрээгээ цуцалсан ч хамтлагийн үйл ажиллагааг YG хариуцахаар гэрээнд тусгасан. Мөн Treasure хамтлагийн хувьд энэ сарын 5-нд “Last Night” синглээ гаргах бөгөөд ирэх оны хоёрдугаар сард мини цомгоо гаргахаар бэлтгэж байна. Энтертайнментын отгон хамтлаг болох Babymonster болон AKMU, Winner хамтлагийнхан мөн 2025 онд аялан тоглолтоо эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа хэдийн орсон гэдгийг Ян захирал мөн онцоллоо. Харин дэбют хийх хамтлагийн хуваар эцэслэн батлагдаагүй учир цаг нь болохоор мэдэгдэнэ гэв.