Болдог бол хүүхэд бүрд дулаан хувцас өгөх юм сан!


Хахир өвлийн хүйтэнд толгой нүцгэн, уранхай ноорхой, нимгэн хувцастай хүүхдүүд сургуульдаа яаж ийгээд явдаг. Ийм хүүхдүүдэд “Ид шидийн орон”, “Дулаан гутал” зэрэг сайн дурын аяны хүмүүс сайхан сэтгэлээр тусалдаг. Тэгвэл уламжлал ёсоор хэдхэн хоногийн өмнөөс эдгээр аян эхэлжээ.

Тэгвэл дулаан гутал хувцасгүй хүүхдүүд өвлийг яг ямар байдалтай угтдаг бол гэх бодол бидэнд төрөв. Зарим хүний толгойд энэ тухай буухгүй ч байж мэднэ. Гэхдээ амьдрал дээр зуны куртик, өмд, цамцтайгаа өвлийг давдаг хүүхэд олон бий.

Ингээд бодит байдлыг харуулахаар хотын төвөөс баруун тийш Толгойт, Нарангийн гол чиглэлийг зорив. Гэтэл үнэхээр бидний төсөөлснөөр, төсөөлснөөс ч илүү сэтгэл эмзэглүүлэм дүр зураг угтав. 4-6 хүртэлх насны эгч дүүс хоёр гэрийн хооронд гүйлдэж тоглоно. Гадаа -6 хэмийн хүйтэн байв. Очоод харвал зуны пүүзтэй, нимгэн өмдтэй, цагаан даашинзтай, бүр туфлитэйгээ цасан дээр тоглож байлаа. Ямар ч хүн цас орсон өвлийн хүйтэнд хүүхдээ ийм нимгэн хувцастай гадаа тоглуулах нь битгий хэл “Дулаан хувцсаа өмс” гэж шаардан, гэрээс гаргахгүй.

 Хүүхдүүдийн ээж тодорхой эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй учраас олон хүүхдэд нэгэн зэрэг өвлийн хувцас авч өгч чаддаггүй байна. Тиймээс хүүхдүүд аргагүйн эрхэнд зуныхаа хувцастай гадаа тоглож байжээ. Тэд эхээс зургуулаа. Хоёр том нь хичээлдээ явсан бол бага дүү нь гэрээсээ гараагүй байв. Тэднийг хэсэг хугацаанд ажиглаж, гадаа зогсоход, сэтгүүлч би хүртэл даарч байлаа. Уг нь хүүхдүүдийг бодвол өвлийн куртик, гуталтай хүн шүү дээ. Ийм л хүйтэнд тэд зуны дэлгэр цагт байгаа юм шиг нимгэн, “ганган” байв.

Өвлийн хүйтэнд нимгэн хувцастай гадаа тоглохын хамгийн том гор нь ханиад, томуу, хатгаа. Эмч мэргэжилтнүүд “Хүүхдээ ханиад, томуу хүргэхээс сэргийлж, аль болох дулаан байлга” гэж сануулж, захидаг ч энэ мэтчилэн зарим хүүхэд гэртээ хүртэл дулаан байж чадахгүй байгаа нь харамсмаар. Энэ бол Сонгинохайрхан дүүргийн ердөө нэг айлын жишээ. Яг ийм айл энэ дүүрэгт маш олон байдаг гэнэ. Бүр зарим айлын хүүхдүүд өвлийн гутал хувцасгүй учраас хоорондоо ээлжлэн өмсөж, сургуульдаа явдаг талаар эх сурвалж ярилаа.

Сайжруулсан шахмал түлшний ажилчид өдөр бүр айл өрхүүдээр орж, зуухны бүрэн бүтэн байдлыг нь шалгадаг учраас хаана хүүхдүүд даарч, хэнийд хүүхдийн эрх зөрчигдөж байгааг хамгийн сайн мэддэг болжээ. Тэд яг ийм айлуудад тусламж дэмжлэг үнэхээр хэрэгтэй байгааг онцолж байлаа. 12 дугаар сард олон жилийн дунджаас харьцангуй хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулсан. Тэгвэл -20-30 хэмийн хүйтэнд эдгээр хүүхэд яаж гэртээ өнжиж, сургууль, цэцэрлэгтээ ямар хувцастай явах бол гэдэг бодол толгойд эргэлдэнэ. Болдог бол хүүхэд бүрд өвлийн хувцас өгөөд, нэг өдөр, нэг өвлийг дулаахан өнгөрүүлж, нүднийх нь унтарсан галыг ганц удаа ч болов асаах юм сан.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *