Удахгүй буух гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены өнгөрсөн ням гаригт өөрийн хүү Хантер Байденд үзүүлсэн ерөнхийлөгчийн албан ёсны өршөөл нь олон нийттийн зүгээс шүүмжлэлтэй тулгараад байгаа ч Цагаан ордны зүгээс ерөнхийлөгчийн шийдвэрийг хамгаалсан мэдэгдлийг хийжээ.
Хантер Байдены хувьд энэ оны 6 сард биедээ галт зэвсэг авч явж байхдаа хууль бус эм бэлдмэл хэрэглэсэн, мөн 9 сард татварын хэрэгт буруутай нь тогтоогдсоноор АНУ-ын түүхэн дэх төрийн тэргүүнээр ажиллаж байгаа хүний хүүхэд эрүүгийн хэрэгт холбогдсон анхны тохиолдол болсон юм. Бүгд найрамдах намынхан ерөнхийлөгчийн уг шийдвэрийг хурцаар шүүмжилж, Д.Трамп ч мөн “шударга ёсыг уландаа гишгэж, буруугаар ашигласан явдал боллоо” хэмээн хэлсэн байна.
Ж.Байден эрүүгийн хэрэгт буруутай нь тогтоогдсон хүүдээ ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэхгүй гэж өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан ч санаагаа өөрчилж, төрийн тэргүүний албанаас буухаасаа 2 сарын өмнө хүүдээ өршөөл үзүүлж, түүний хүүгийн хэрэгт шүүх “бусдаас өөр, шударга бус хандаж” шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер даваа гаригт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ ерөнхийлөгч хүүгээ түүний эсрэг улс төрчдийн боломжит “хавчлага, залхаалтанд” орохоос урьдчилан сэргийлэх үүднээс л өршөөл үзүүлсэн гэжээ. АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байден ч мөн “мэдээж би хүүд минь үзүүлсэн өршөөлийг дэмжилгүй яахав” хэмээн даваа гаригт хэлсэн байна.
Төрийн тэргүүний өршөөлийн дагуу Хантер Байдены сүүлийн 10 жилд буюу 2014 оны 1 сараас 2024 оны 12 сарын хооронд хийсэн байж болох бүх хэрэг цагаадахаар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан татварын болон галт зэвсэг, мансууруулах бодисын хоёр хэрэг нь ийнхүү цагаадахаар болсон байна.