Н.Бат-Амгалан: “Гарын таван хуруу” анх кино театрт гарахад, уйлаагүй эмэгтэй хүн байдаггүй юм гэсэн


Монголын дэлгэцийн уран бүтээлд бага насныхаа дүрийг мөнхөлсөн хүн тийм ч олон биш. “Гарын таван хуруу” киноны Идэрийн дүрд тоглосноос хойших түүний амьдрал, уран бүтээл хэрхэн үргэлжилсэн талаар Н.Бат-Амгалантай ярилцлаа.

Гарын таван хуруу” кинонд тоглох үедээ та хэдэн настай  байв. Таныг найруулагч Н.Нямдаваа, МУГЖ Ш.Цэцэг нарын хүү гэхээс илүүтэй “Гарын таван хуруу” киноны гол дүрээр танина. Анх ер нь тус кинонд тоглох санал хэрхэн ирж байсан бэ?

-“Ховор хүмүүс”, “Тэмцэл”, “Хааны сүүлчийн хатан” зэрэг олон кинонд дүрээ мөнхөлсөн. “Гарын таван хуруу” бол миний тоглосон хоёр дахь уран бүтээл. Хамгийн анх 1977 онд 3 настайдаа “Дэгдээхэй нас” кинонд загас хулгайлдаг хүүхдийн дүрд тоглосон. Аав, ээж, ах гээд бүгд урлагийн хүмүүс учир байнга л кино үйлдвэр лүү дагаад явчихдаг. Миний хоёр дахь гэр болчихсон гэх үү дээ. “Дэгдээхэй нас” кинонд тоглож, дуу оруулсны дараа намайг шатаар гүйж явтал Балжинням гуай таарч, кинонд тоглуулахаар болсон юм. Ингээд ээжтэйгээ хамт пробонд орж, “Гарын таван хуруу” кинонд хамт тоглохоор болсон юм. Тухайн үед би 9 настай байлаа. Аав ээж маань ах бид хоёрыг нэг нэгээр нь салгаж аваад явдаг байж билээ.

-Та ер нь хэчнээн кинонд тоглож, дуу оруулсан бэ?

-Ер нь 20 гаруй кинонд дүр бүтээж, 70 гаруй кинонд дуу оруулсан.

Та аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөжээ. “Гарын таван хуруу” киноноос хойш хэчнээн уран бүтээл дээр ажиллав?

-“Орхидос 2”, “Төрийн дайсан” гэх мэт кинонд туслах дүр бүтээсэн. “Гарын таван хуруу” киноноос хойш 1991 онд 10 жилээ төгсөж, кинонд дуу оруулах ажилд ханцуй шамлан орсон юм. СУИС-д орох гэтэл улаан зураас татуулсан учраас аав намайг Орос руу сургуульд явуулж, тэнд найруулагчаар сурч төгсөөд, эх орондоо ирж, 2005-2015 онд Кино урлагийн дээд сургуульд багшилсан. Миний мэргэжил бол хүүхдийн  киноны найруулагч. 2015 онд осолд орж, Солонгост эмчлүүлэхээр явсан.

Ингээд эх орондоо ирж, өнөөдрийг хүртэл тогоочоор ажиллаж байна.

-Киноны найруулагч хүн яагаад тогооч болчхов?

Аав, ээж маань хоол их сайхан хийдэг хүмүүс байсан. Амралтын өдөр хурдан болоосой гэж  хүлээдэг байж билээ. Тэр дундаа аавын гарын хоолыг идэхийг хүсдэг байлаа. Тэгээд аав шигээ гоё хоол хийдэг болох хүсэл тэмүүлэл байсан учраас тогооч болсон.

-“Өнөр бүл”-ийн бага хүү Идэр киноны гол чимхлүүр байж, тийм үү?

Киноны үйл явцыг хамгийн ээдрээтэй болгодог нь Идэр. Хоолноос болж уйлах, уруулын будгаар нүүрээ будах, хашааны цаана ганцаараа үлдэх гээд хэсгүүд киноны чимэг болж байсан.

Одоо “Гарын таван хуруу” кинонд эгч дүүс болж тоглосон жүжигчидтэй та холбоотой байдаг уу?

-“Гарын таван хуруу” киног хийх үед бид нэг гэр бүл шиг л болчихсон байсан. Киноны дараа ч нэг гэр бүл шиг бие биедээ байнга л анхаарал тавьж, хаана юу хийж яваа бол гэж бодох болсон.

Хорвоогийн жамаар хамгийн эхэнд том эгчийн дүрд тоглосон Сүрэн буюу Я.Оюунцэцэг эгчийг бурхан болсныг сонсоход, түүний “Гарын таван хуруунаас нэгийг нь таслах гээ юү” гэдэг үг жинхнээсээ зүрхэнд хүрсэн. Түүний хойноос, тухайн киноны эгч дүүсийн дүрд тоглосон жүжигчид ар  араасаа бурхан болсон. Хамгийн сүүлд, 34 жилийн дараа том ах Элбэгтэйгээ уулзсан ч удалгүй бурхан болсон.

Одоо Гэрэлээгийн дүрд тоглосон Б.Гантигмаа, Хорлоогийн дүрд тоглосон Л.Цогзолмаа, О.Бат-Өлзий ах гээд бид нар л  үлдсэн.

Тэдэнтэй бол холбоотой байдаг.

-Одоо “Гарын таван хуруу” киног үзэхээр танд  юу бодогддог вэ?

-Тэр үед би их хөөрхөн хүүхэд байсан гэдэг. “Гарын таван хуруу  кинонд  тоглосны дараа Чигчий хуруу гэдэг нэртэй  болсон. Ихэнх нь “Хулгайч аа, хулгайч аа” гэдэг хүүхэд гэх мэтээр ярина. Эхэндээ намайг үнэхээр хулгайч гээд байгаа ч юм шиг санагддаг байсан /инээв/. Сүүлдээ “Киног маань хэлж байна” гэж бодоод дассан. Яг тэр хэсэг хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн байгаа юм.

Орчин үед Шагдарын зөв гэлцэх болсон байна. Амьдрал дээр Шагдар шиг хүн бий. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд явж байхад, тус аймгийн засаг даргаар ажиллаж  байсан залуу 3 охин, 2 хүүгээ эхнэртэйгээ орхиод явчихсан байсан. Тэд идэх хоолгүй, малын хивэг зуурч иддэг тухай сонсож байсан. Социализмын үед “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу” Зууны шилдэг кино байсан. Тэр үед киногоор ёс суртахууныг заадаг байсан. Тухайн үед киногоор ёс суртахуун, цензур тогтоодог байж. Ёс суртахууны талаар, нийгмийг шүүмжилсэн богино хэмжээний кинонууд хийдэг байсан. Одоо байдаг бол хүмүүст үзүүлээсэй гэж боддог.

Харин одоо кино урлаг хөгжихийн хэрээр цензургүй болчихсон мэт санагддаг. Өөрөөр хэлбэл: 2000 оноос хойш илүү бизнес тал руугаа болчихсон.

“Гарын таван хуруу” киноны хоёрдугаар ангийг хийх тухай яриа нэг хэсэг гарсан.  Ер нь боломжтой юу?

-“Гарын таван хуруу” кино анх кино театрт гарахад, уйлаагүй эмэгтэй хүн байдаггүй юм гэсэн. Энэ киног тултал хийчихсэн л гэж боддог. Хоёрдугаар анги байвал яаж гэдэг нь сонин. Тухайн үед дүр бүтээсэн уран бүтээлчдийн олонх нь бурхан болчихсон. Тэгэхээр үргэлжлүүлье гэхээр дахиад шинэ зохиол бичих хэрэгтэй болох байх.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *