Францын засгийн газар нурж магадгүй болоод байна


Францын Ерөнхий сайд Мишель Барниер өөрийн давуу эрх мэдлийг ашиглан нийгмийн халамжийн бодлогод реформ хийж шинэчлэх шүүмжлэл дагуулсан асуудлууд багтсан төсвийн тухай хуулийн төслийг парламентын санал хураалтаар оруулахгүйгээр батлахыг зүтгүүлсэнтэй үйл явдалтай холбоотойгоор түүний тэргүүлсэн цөөнхийн засгийн газар нурж магадгүй боллоо.

Төсвийн тухай хуулийг Үндэсний ассемблейн санал хураалтаар оруулаад дэмжигдэхгүй гэдэг нь тодорхой байсан тул М.Барниер Францын Үндсэн хуулийн 49.3-д заасан ерөнхий сайдын онцгой давуу эрх мэдлийг ашиглан хүчээр батлахыг оролдсоныг сөрөг хүчний намууд эсэргүүцэж, түүний эсрэг хариу арга хэмжээ авч, ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар лхагва гаригт санал хураалт явуулахаар болжээ. Түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах саналыг улс төрийн зүүний хүчний LFI болон хэт барууны Үндэсний Хөдөлгөөн намын зүгээс гаргажээ.

Өнгөрсөн зун Францын ерөнхийлөгч Э.Макрон ээлжит бус сонгууль явуулж, сонгуулийн дүнгээр аль нэг улс төрийн нам хүчин парламентад дангаараа олонх болж чадаагүй тул ерөнхийлөгч Э.Макрон Мишель Барниерыг ерөнхий сайдаар томилж, түүний тэргүүлсэн цөөнхийн засгийн газар байгуулагдсанаас хойш тус улсад улс төрийн хямрал үүссэн гэж хэлж болно.

Хэрвээ лхагва гаригийн санал хураалтаар М.Барниерт итгэл үзүүлэхгүй гээд огцруулах санал дэмжигдвэл тэрээр ерөнхийлөгч Э.Макроныг шинэ засгийн газрыг зарлах хүртэл ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хаших юм. Мөн түүнчлэн түүний засгийн газрын боловсруулсан төсвийн тухай хуулийн төсөл ч бүтэлгүйтэх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *