“Дулаан явбал мянган лан” гэдэг. Өвөл болохтой зэрэгцэн өхөөрдөм хөөрхөн үрсээ дулаан хувцаслачих юмсан гэж хүн бүхэн боддог биз. Хараа булаасан хээнцэр, чамин тансаг хувцаснаас илүү дулаан, зузаан, нүд, сэтгэл дүүргэх хувцас руу хошуурна. Хүүхдэдээ чанартай, дулаахан хувцас авч өгмөөр байвч цалин хаанаа ч хүрэхгүй үе бий. Хүүхэдтэй болбол хариуцлага нэмэгдэж, хэрэгцээг нь хангах үүрэг томчуудад оногддог. Иймд нэг өрх хүүхдийн өвлийн хувцас авахад хэдэн төгрөг зарцуулдаг талаар сурвалжиллаа.
Хүмүүс худалдааны том төвийг зорихоос илүүтэйгээр цаг заваа хэмнэж, өөрт ойрхон газраар үйлчлүүлэх болжээ. Баянхошууны зах гэхэд л хүүхдийн хувцасны 5-6 лангуутай. Эндээс хувцас худалдан авч буй хүмүүс хамгийн багадаа хүүхдэдээ өвлийн хувцас авахад 150-400 орчим мянган төгрөг зарцуулж байлаа. Зунаас илүү өвөл нь хувцасны эрэлт, худалдан авалт их байдаг гэдгийг ч худалдаачид хэлж байв.
Тухайлбал: Иргэн Г-ийн ам бүл 7. Тэр 5 хүүхэдтэй. Тэдний өвлийн хувцсыг бэлдэхэд өмнөх жилүүдэд 3 сая төгрөг зарцуулсан байна. Энэ бол түүний өрхийн сарын орлоготой тэнцэх мөнгө. Харин сүүлийн үед хэмнэж, хуучин хувцсаа аль болох элтэл өмсөхийг чухалчлах болжээ. Ингээд энэ жил 2 сая төгрөгөөр өвлийн хувцас авч байгаа аж.
Хүмүүс хүүхдийн хувцсаа авахдаа материалаас илүү үнийг нь анхаардаг юм байна.
“Баянхошуу” захын хүүхдийн хувцасны лангуунаас өмд авах гэсэн эмэгтэй “Охидын даавуун зузаан өмд хэд вэ?” гэхэд худалдагч “35-50 мянга” хэмээн хариуллаа. Худалдагч өнөө эмэгтэйд материалыг нь харуулаад, нимгэн зузааны хувьд адилхан ч материал нь өөр гэдгийг учирлав. Ингээд уг эмэгтэй 35 мянган төгрөгийн өмд охиндоо авлаа. Тухайн эмэгтэй 200 мянган төгрөгт тааруулж нэг гутал, өмд, малгай, ороолт авахаар төлөвлөжээ.
Тэгвэл та хүүхдийнхээ өвлийн хувцсанд хэд орчим төгрөг зарцуулдаг вэ?
“Хүүхдийнхээ өвлийн хувцсанд өрхийн сарын орлогоо зарцуулдаг”
“Би 4 хүүхэдтэй. 2 том хүүхдийнхээ өвлийн хувцсыг бэлдэхэд 800 мянган төгрөг зарцуулдаг. Харин бага хоёр хүүхдэдээ шинэ хувцас энэ удаад аваагүй. Ах, эгч нарынх нь багадсан хувцсыг өмсүүлнэ. Хүүхдийн хувцас үнэтэй үед томд нь багадсаныг жижигт нь гэх мэтээр өмсүүлэх нь хэмнэлттэй” гэж нэгэн ээж ярилаа.
Өөр нэг ээж “Хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр куртик авахаар ирсэн. Хүүхэд хурдан том болдог учраас жил бүр шинэ куртик авдаг. Хямд нь эдэлгээ муу, үнэтэй нь сайн гэдэг худал юм байна. Өнгөрсөн өвөл 250 мянган төгрөгөөр куртик авсан. Энэ жил багадаж, хуучирсан. Орчин үед хүүхдүүд загвар хөөдөг болж. Миний авч өгсөн хувцас сэтгэлд нь нийцдэггүй” хэмээв.
Тэдний хэлж байгаагаар олон хүүхэдтэй бол өвлийн улиралд 3 хүртэлх сая төгрөг, 1-2 хүүхэдтэй айл 500 мянгаас 1 сая төгрөг хүүхдийн хувцсанд зарцуулдаг байна. Үндсэндээ хүмүүс нэг хүүхэдтэй бол 400-500 мянга, 5 хүүхэдтэй бол 3-4 сая төгрөг зарцуулж байгааг хэллээ.
Хүүхдэдээ өвлийн хувцсыг нь бэлдэхээр ирсэн хүмүүс нэг сая төгрөгөөр хувцас авна гэж тооцсон байв. Дотоодын үйлдвэрээс илүү хямд импортын хувцсыг түлхүү авч байна Худалдагч нарын хувьд худалдан авалт сайн байгаа гэх бөгөөд хүүхдийн хувцасны үнэ өмнөх жилтэй харьцуулахад өсөөгүй гэнэ. Бага насны хүхдийн зузаан, чанартай куртик 100 мянган төгрөг. Энэ нь өнөөгийн худалдан авах чадвараа бодохоор иргэдийн амьдралд арай ойр сонголт болдог бололтой.
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд, нэхий дотортой куртик, гутал авъя гэвч 250 мянган төгрөгөөс эхэлнэ. Иймд Хятадаас оруулж ирсэн гадуур хувцас, гутал сонгохоос өөр аргагүй. Үндэсний үйлдвэрийн нэг “Дархан нэхий” компанийн хүүхдийн нэхий дээл 150-350 мянга бол нэхий дотортой хүүхдийн гутал 150-250 мянган төгрөгийн үнэтэй байв. Эдэлгээг нь бодвол дотоодын үйлдвэр бол “чулуу” шиг сонголт. Гэвч тэнгэрийн үнэтэй гэлцдэг. Тиймдээ ч импортын хувцсыг түлхүү авах жишиг тогтжээ.
“Баянхошуу” захын хүүхдийн хувцасны үнэ “Нарантуул”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн хувцасны үнээс нэг их хол зөрдөггүйг худалдаачид болон худалдан авагчид хэлж байлаа. Хүүхдийн өмд 30-120 мянган төгрөг
- Хүүхдийн малгай, ороолт 30-65 мянган төгрөг
- Хүүхдийн куртик 50-150 мянган төгрөг
- Хүүхдийн гутал 60-150 мянган төгрөгийн үнэтэй байна.