Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав


Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилэв. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцууллаа.

Тэрбээр, Төсвийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан Монгол Улсын Засгийн газраас дахин боловсруулж, өргөн мэдүүлсэн төсвийн төслийг Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн батлах хугацааг тодорхой болгохтой холбоотой асуудлаар санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолсныг дурдлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Б.Түвшин, Д.Батбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа.

Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр нэгдсэн хуралдаан түр завсарлав.

Төсвийн байнгын хороо хуралдсаны дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Аубакир хийв.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон танилцуулга бэлтгэснийг дурдав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан асуулт асуув. Тэрбээр, орон нутгийн төсвийг батлах хугацааг зааж өгөх нь зөв байсан боловч санал гаргасан гишүүн саналаа татаж авсан байна. Гэхдээ орон нутгийн төсөв батлах хугацааг тодорхой заах асуудлыг эргэн харах  шаардлагатай гэлээ. Мөн тэрбээр улсын төсвийг алдагдалгүй батлах агуулга бүхий заалт байна. Гэтэл эсрэгээрээ орлогоо дайчилж, улсын төсвийг алдагдалтай батлах ёстой хэмээн Ерөнхийлөгч хориг тавибал яах эсэх талаар асуухад, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариуллаа.

Тэрбээр,  орон нутагт төсөв батлахад хугацаа тавьж өгөхийг дэмжиж байна. Цаашид хугацаа тавьж өгөхөд анхаарах хэрэгтэй. Төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй хэлэлцэх ёстой гэсэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон заалтаа баримталсан  асуудал гэв.

Түүний дараа Төсвийн байнгын хороо төслийг эцэслэн батлах бэлтгэлийг  хангасан тул төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталж, эцсийн найруулгыг сонсов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *