Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тарах уу


УИХ, Засгийн газрын бүтэлгүйтэл ийм эрсдэл учруулж мэдэхээр нөхцөл үүсээд байна.  Учир нь шат шатны өөрөө удирдах байгууллагууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө хэлэлцэн батлах ёстой. Хэрэв уг хугацаандаа амжиж ИТХ-ууд төсвөө баталж чадахгүй бол тарах нөхцөл үүснэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.2-т энэ талаар тусгачихсан. Хэрэв ийм нөхцөл үүсвэл Засгийн газар, УИХ-ынхаа урагшгүйгээс дараагийн шатны өөрөө удирдах байгууллага тарсан анхны, дэлхийд байхгүй “эвгүй” жишиг болно. Гэхдээ байдлыг ингэтэл хүндрүүлэхгүйн тулд гарц шийдэл олохоор хичээж байна.

Улмаар Засгийн газар, УИХ хамтран хутгасан бантангаа засаж, энэ сарын 10-ны дотор улсын төсвийг батлахаар төлөвлөжээ. Үүний дараа аймаг, нийслэлийнхэн энэ сарын 20, сум, дүүргүүд ондоо багтаан төсвөө батлах давчуу хугацаа өглөө.

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулж, цаглабарыг өөрчилнө

Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсныг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. Өнөөдөр үдээс өмнөх чуулганаар уг төслийг хэлэлцээд дэмжив. Залгуулаад төсвийн байнгын хороо эхний хэлэлцүүлгийг хийж, чуулганаар үргэлжлүүлэн ярьсан юм. Нэн яаралтай горимоор хэлэлцэж буй учраас анхны хэлэлцүүлгээр нь батлах биз ээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсны дараа бүхэлд нь хүчингүй болгон, Засгийн газарт буцаасан. Улмаар алдаагаа засах 10 хоногийн хугацааг тэдэнд өгсөн юм. Хэн хэн нь хамтдаа хутгасан бантан учраас “зам засах” хуулийн төслүүдийг нь яаралтай горимоор хэлэлцэж байна. Тэгэхээс ч өөр сонголт үгүй. Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хуульд төсөв хэлэлцэхтэй холбоотой цаг хугацааны заалтууд энэ удаа үйлчлэхгүй байх өөрчлөлтийг оруулсан юм. Нэгэнт цаг тулсан учраас Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг “гялалзуулахдаа” гишүүд цаашид хариуцлагатай байх, хугацаанд нь амжуулахгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ төсвөө баталж амжихгүйгээр тарах нөхцөл үүснэ гэдгийг сануулж байлаа. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Мэдээлэл муутайгаас болоод зарим аймгийн ИТХ хуралдаад төсвөө хэлэлцэж эхэлсэн байна шүү. Тэдэнд цаг хугацааг нь хэлж өгөх хэрэгтэй” гэсэн мэдээлэл дуулгав. Дээрээ хөлөө олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийг тэрбээр сануулсан.

Засгийн газар хэдийгээр төсвийг дахин өргөн барихаар болсон ч өмнө нь нэг удаа туулчихсан бүх үйл явцыг давтах шаардлагагүй. Шат шатны холбогдох байгууллагуудаас хэдийн саналыг нь авч, тооцоо, судалгаа хийгээд төсвийг боловсруулсан. Тиймээс анх өргөн барьсан хувилбар дээрээ засвар хийж, зарим зардлыг танан, алдагдалгүй, үр ашигтай болгон өөрчлөхөд болох юм. Сангийн сайд ч ийм маягаар ажиллаж буйгаа хэлсэн байна лээ. Тэгвэл аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ууд ч мөн адил, төсвөө хэдийн боловсруулсан байгаа. Тэд УИХ-ын эцсийн шийдвэрийг харж, зарим засварыг бэлдсэн төсөл дээрээ хийгээд батлах учраас амжуулах боломж бий юм.

Анхны удаагийн зовлон

Төсвийн тухай хуулийн төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэх үед бас нэг зүйл тодорхой болов. Хэт өөдрөг, дураараа төсвийн төслийг Засгийн газар өргөн барьсан ч УИХ үүнийг нь засаж, танах боломж анхнаасаа байсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад нэр бүхий хэдхэн гишүүн л ажил хэрэгчээр хандаж, үргүй зардлыг хасуулах зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан билээ. Бусад нь чимээгүй сууж, үг дуугүй товчлуур даран баталсан гэхэд болно. Тэгвэл үүний шалтгааныг УИХ-ын дарга “илчлэв”. Анхны 126 гишүүнтэй парламент олон анхны зовлонтой нүүр тулж байна нь үнэн. Тэдний хэлэлцэн баталсан 2025 оны улсын төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг анх удаа хүлээн авлаа. Гэтэл ийм нөхцөлд дараагийн үйл явц хэрхэн өрнөх тухай зохицуулалт хуульд байсангүй. Тиймээс нэг удаа үйлчлэх тусгай дэг хийхээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг оруулж ирэв. Үүнийг дэмжсэн нөхцөлд мөн л анх удаа Төсвийн байнгын хороо буюу УИХ өөрөө хариуцсан хоёрдугаар хэлэлцүүлгээс нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд засвар хийгээд явах байлаа. Гэтэл УИХ-ын гишүүд ингэж хариуцлага хүлээхээс бултаж, оруулж ирсэн төслийг унагасан юм. Улмаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бүх хуулийг хүчингүй болгон Засгийн газарт буцаасан.

Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх үед Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Нэмэлт, өөрчлөлт бол тодотгол. Үүнийг байнгын хороо хийхэд хүндрэлтэй байсан. Тэгээд ч тодотгол хийх нь Засгийн газрын ажил учраас хуулиудыг хүчингүй болгож буцаасан” гэсэн юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-д тийм чадамж байхгүй” хэмээн чин үнэнээ илчлэв. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын эхний хувилбарыг хэлэлцэх үед 126 гишүүний дөрвөөс бусад нь амаа үдүүлсэн мэт байсны нэг шалтгаан нь энэ аж. Олонх нь намын шийдвэрээ олонхоороо хамгаалсан, нөгөө талаар хэлэлцүүлгийн үеэр оролцъё, саналаа хэлж, асууя гэсэн ч мэдэхгүй, туршлагагүй, ер нь чадваргүй учраас л дуугүй явсан бололтой.

Юутай ч ИТХ-уудаа тараачихгүй, улс орны амьдралд илүү хор уршиг хутгахгүйн тулд УИХ, Засгийн газар хамтран үлдсэн ес хоногт багтаан төсвөө батална. Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн болон холбогдох бусад хуулийн төслөө дахин өргөн барихаар төлөвлөсөн байна. Тиймээс үргүй зардлаа хэрхэн танасан, зайлшгүй шаардлагатай салбар, төсөлд хөрөнгө нэмсэн үү гэх мэтээр зөв зохицуулалт хийж, алдаагаа зассан, эсэхийг нь харъя. Цаг хугацаа давчуу байлаа гээд нүд хуурсан ажил хийх эрх тэдэнд үгүй билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *